Оймсны “challenge” өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Оймсны “challenge” өнөөдөр эхэлнэ

Нийгмийн сүлжээнд сайн дураараа нэгдсэн залуус өнөөдрөөс оймсны “challenge”-ыг эхлүүлэх гэж байна. Фейсбүүк хуудасны “Баярлалаа” группт өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн нэгджээ. Тэд нийслэлийн өнгө төрхийг цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн ажилтнуудад оймс бэлэглэх юм байна.

“Сhallenge”-д дуудагдсан хүн аль нэг ТҮК-ийн ажилтанд урам хайрлан “баярлалаа” гэж хэлээд дулаан оймс бэлэглэж, зургаа татуулах юм. Ингээд зургаа фейсбүүктээ  байршуулахдаа дараагийн хүнээ “challenge”-д дуудна.

“Баярлалаа” бүлгийнхэн сайн үйлсийнхээ аяныг илүү бодитой байлгах үүднээс “Өвлийн хүйтэнд даарч, хөрөн гадаа зогсож ажилладаг худалдаачдаас оймс авах” уриалгыг ч гаргаад байгаа аж.

Дашрамд дуулгахад, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн зам талбайн цэвэрлэгээний ажилчид 315 километр замыг өдөр бүр цэвэрлэдэг юм байна. Хүй долоон худгаас Баянзүрхийн товчоо хүртэлх баруунаас зүүн тийш, Чингэлтэйн өргөн чөлөө буюу Долоон буудлаас Богд уулын арын зам, Зайсангийн зам хүртэлх нийт 4.578.724 м2 зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, хогийн сав, замын нөхөөс зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж