А.Баярцэцэг дахин шилдэгт багтлаа

2015 оны 11 сарын 29

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Эх орноо төлөөлөн дэлхийн 94 орны мисстэй өрсөлдөж байгаа А.Баярцэцэг “Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхааны урьдчилсан шатанд дизайнер Д.Отгонжаргалын урласан үзмэн ягаан даашинзыг өмсөн гуравдугаар байрыг эзэлж, хүрэл медаль хүртлээ.

Түүний хувьд одоогор урьдчилсан шатны тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр болон гуравдугаар байрт ороод байна.

Тодруулбал, Үдшийн гоёлын даашинзны төрөлд тэргүүн байрыг эзэлсэн бол Монгол бичиг калиграфи, үндэсний этник бүжгийг хослуулан авьяасын үзүүлбэрт шилдэг 12-т багтсан. Мөн тэрээр Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан юм.

А.Баярцэцэг НҮБ-ын олон улсын үзэсгэлэнд оролцож, үндэсний хувцсаа сурталчлахаар “Говь” компанийн ноолууран пальто, “Ур ундрах” компанийн торгон даашинзаар гоёжээ.

Австрид суугаа "Монголын төлөөх зүрх бүхэнд" ТББ-ын хамт олон мисс А.Баярцэцэгт тусалж байгааг бидэнд дуулгалаа.

Энэхүү тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болон ажиллах юм.

“Эх дэлхийн мисс-2015” тэмцээний шилдэг 16-д үлдэх шалгаруулалтын хувьд шилдэг Эко видео болон Фото гэсэн хоёр төрөлд шалгаруулалтыг хийж байгаа билээ. Одоогоор мисс А.Баярцэцэг видео танилцуулгын төрөлд өрсөлдөгчөөсөө даруй 100 мянга гаруй саналаар тэргүүлж яваа бол фото шалгаруулалтад ч эхний байрт бичигдсэн хэвээр байна.    

“Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм. 100 мянга гаруй хандалтыг аваад байгаа А.Баярцэцэгийн видео танилцуулгыг та бүхэн идэвхтэй түгээгээрэй.

Финалын шалгаруулалт ирэх сарын 5-ны өдөр болно.

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth‬‬‬‬‬

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна