Хот зуслангийн газрыг өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Хот зуслангийн газрыг өмчлүүлнэ

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хойд чиглэлийн зуслангийн есөн амны газарт кадастрын судалгаа явуулжээ. Ингээд ирэх оноос эхлэн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэх саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьсан байна. Эхний ээлжид Шадивлан, Шаргаморьт чиглэлийн зуслангийн 0.7 га газрыг хуулийн дагуу иргэдэд өмчлүүлэхээр тооцжээ. Одоогоор хотын ногоон бүс, зуслангийн газруудад 43 мянган нэгж талбарыг иргэдэд өмчлүүлсэн байдаг аж. Мөн цахимаар газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм байна. Ирэх оны тухайд 68 байршилд иргэдэд газар өмчилнө гэж төлөвлөжээ.  

Зуслангийн газрыг давхар өмчилж болохгүйг хотын удирдлагууд санууллаа. Тодруулбал Газар өмчлүүлнэ гэдэг тухайн иргэнд туйлын эрх олгож байгаа гэсэн үг юм байна. Иймээс гэр бүлийн болон өөрийн өмчлөлийн газартай бол зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй аж. Өөрөөр хэлбэл зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэн та өөр нэг газрыг эзэмшдэг бол  гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр тухайн газар өмчлөлийн гэрчилгээгээ шилжүүлж байж, шинээр дахин нэг газар өмчлөх эрхтэй болох юм.

Монгол Улс газар өмчлүүлэх хуулийг 2002 онд баталсан. Энэ хууль 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх тухай хууль хоёр удаа шинэчлэгджээ. 2003-2008 онд нийтдээ 96 мянган нэгж газрыг гэр бүлийн хэрэгцээний дунд өмчлүүлсэн. Харин 2008 онд хуульд өөрчлөлт орж газар өмчлөх хугацааг сунгаж, иргэн бүрд газар өмчлүүлэх шийдвэр гарсан юм. Үүнээс хойш 7000 орчим иргэн эзэмшиж байгаа хашааны газраа өөрийн өмч болгожээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 103 мянган иргэн хашааны газар өмчилсөн байдаг. Энэ нь нийслэлийн хүн амын 8,4 хувьтай тэнцэж байна. Харин 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цахим газар өмчлөлийн хүрээнд 70 мянган иргэн өөрийн гэсэн газартай болжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийгдсэн газар өмчлөлийн ажилтай дүйцэх хэмжээнд хүрсэн гэж үзэж болох юм. Дээр нь нэмээд цаг хугацаа хэмнэсэн, өндөр настай, насанд хүрээгүй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч чадсан шийдвэр боллоо гэж олон нийт дүгнэж эхэлжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж