Зөвшилцөл шаардах сар

2015 оны 11 сарын 30

Бүрэн эрхийн хугацааныхаа гурван жил гаруйг ардаа хийсэн З.Энхболдын танхим намрын чуулганаа хаахад хоёр сар, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөхөд ердөө 31 хоног үлдлээ.

УИХ 2015 оны намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталснаас Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барингуут дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж эхлэхээ тал, талдаа ойлголцсон байв. Тиймдээ ч арваннэгдүгээр сарын 6-нд Сонгуулийн хуулиуд шил дараалан УИХ-д баригдсан бол Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ард түмний санал асуулгын хуульд өөрчлөлт оруулах төсөл мөн энэ өдөр мэдүүлэгдсэн юм. Хуульд зааснаар УИХ дээрх хуулиудыг сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой. Үүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ сарын дотор багтаан хэлэлцэх үүрэг хүлээж буй. Товчхондоо тоолуур гүйгээд эхэлсэн тул парламентад суудалтай намууд зөвшилцлөө урьтал болгоод “эцэг” хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлэхгүй бол хууль зөрчих эрсдэл хүлээж байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд, хэдэн чухал санаа дэвшүүлэгдсэний нэг нь парламент нь хууль тогтоох үндсэн эрхээ төгөлдөржүүлж, Засгийн газрын тэргүүндээ танхимаа бүрдүүлэх, ажил хийх бололцоог олгох тухай юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд ийм эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй цагт Засгийн газрын тогтвортой байдал хангагдахгүйг туулж ирсэн 25 жилийн түүх харуулж байгаа. Монгол Улс ардчилсан нийгмийг сонгоод 25 жил болоход 13 Засгийн газрын нүүр үзжээ. Гэтэл дээрх хугацаанд УИХ-ын сонгууль зургаан удаа л болсон. Үүнийг судлаачид тогтолцооны гажиг хэмээн оношилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засахаас аргагүй гэдгийг тайлбарлаж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор тусгасан нь маргаан их дагуулах болсон. Цаад агуулга нь сонгуулийн мөчлөгийг багасгаж, парламентыг тогтвортой ажиллах боломжоор хангах гэсэн санаа аж. Түүхээ эргэн санавал, 2012 онд УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа намар нь орон нутгийн сонгууль болж баахан бужигнасан Хэдэн сарын дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль гээд оволзсон. Төд удалгүй ирэх онд УИХ-ын сонгууль зарлагдах гэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын бүрэн эрхийг 5 жил болгоод, УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулиа нэг дор зохион байгуулдаг болчихвол дор хаяж дөрвөн жил ажил хийх бололцоо бүрдэх болж буй.

Нөгөө талаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бас нэг шалтгаан нь сумын Засаг даргыг ИТХ-ын тэргүүлэгчдийн барьцаанаас гаргаж, орон нутгаа хөгжүүлэх боломжийг нь олгох явдал. Энэ заалт Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан. Захын суманд очоод асуугаарай. Ерөнхий сайдын фракцидаа барьцаалагдсан зовлон сумын Засаг даргад ИТХ-ын тэргүүлэгчдээ барьцаалагдсанаар илэрнэ. Сумыг хөгжүүлэхэд бус тэр хэдэн төлөөлөгчийн бизнесийг дэмжихэд л Засаг дарга голлон анхаарч байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг иргэдээс сонгоогүйн гай, тогтолцооны гажуудал ийм байдлаар орон нутгийн хөгжлөөс чангаадаг болсоор удлаа. Дээр нь зарим сумын ИТХ УИХ-аас давсан шийдвэр гаргадаг болсныг Дорнодын Халх гол чөлөөт бүс харуулсан. УИХ-ыг шийдвэр гаргахаас өмнө үржил шимтэй дээрх газар нутаг мөнгөтэй хүмүүсийн гарт орчихсон байгаа. Мөнгөө төлсөн хүмүүсийг буруутгах аргагүй, гол нь Халх гол сумын ИТХ яагаад УИХ-аас давсан шийдвэр гаргав гэдэг хамгийн анхаарал татах асуудал байгаа. Энэ нь нөгөө л тогтолцооны гажуудал руу хөтөлнө. 

Мөн Дархан-Уул, Орхон аймгийг хотын статустай болгон хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Ийм үед УИХ боломжийг ашиглаад Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиа баталж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ ард түмнээс асуугаад шийдэх нь улсын өмнө тулгамдсан хамгийн чухал асуудал болж хувираад байна. Хэрвээ энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг дээрх 31 хоногт багтаан хийхгүй бол хууль эрх зүйн талаасаа ирэх 8 жилийн турш энэ асуудлыг хөндөх боломжгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд зааснаар дараагийн парламентад энэ эрхийг олгоогүй юм. Иймээс ирэх сар УИХ-аас хамгийн их зөвшилцөл шаардаж, гол бодлогын хуулиудаа батлахыг шаардаж байна. Хуульд зааснаар 76 гишүүнээс 57 нь дэмжиж байж, Үндсэн хуулийн өөрчлөлт оруулна.

Сонгууль болохоос зургаан сарын өмнө хэлэлцэн батлах чухал хуулийн нэг нь Сонгуулийн хууль. УИХ –аас Сонгуулийн гурван хуулийн төслийг нэгтгэхээр болж, өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Одоогоор төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд орсон. Өөрөөр хэлбэл, парламентад суудалтай намууд дээрх нэр бүхий гурван төсөл дээрээ нэгдсэн ойлголцод хүрч чадвал хууль хуулийн хугацаандаа батлагдах боломжтой.  Намуудын санал зөрөлдөж байгаа нэг асуудал нь саналын хуудсыг автомат машинаар тоолохоос гадна гараар тоолох. Энэхүү заалтад нэгдсэн зөвшилцөлд хүрэх. Сонгуулийн тогтолцооны хувьд 48х28 хувилбар дээр тогтохоор ойлголцсон гэх мэдээлэл бий.  

Эрүүгийн хуулийг баталж чадах уу?

УИХ-ын хаврын чуулганаас намрын чуулган руу шилжиж ирсэн хэд, хэдэн анхаарал татах хуулийн төслийн нэг нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт дээрх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч МАН-ынхны хүсэл зоригоос илүү бизнес эрхлэгчдээ хүчний байгууллагын дарамт шахалтаас сугалж гаргахад дээрх хуулийг УИХ батлан гаргах нь чухал байгаа. Уг хуулийг батлахад Үндсэн хууль шиг өндөр ирц шаардахгүй ч асуудлыг хүчээр биш эвээр шийдэхэд сөрөг хүчнээ зөвшилцлийн ширээний ард урихаас аргагүй болгож байгаа юм.

Мөн УИХ-аар батлагдах магадлал өндөр хуулийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл. Зорилго нь тэтгэврээ тогтоолгосон эхнэр, нөхөр хоёрын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзвэл үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгодог болно. Нийгмийг хоёр талцуулах болсон дээрх хуулийг УИХ баталсан нөхцөлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хууль хэрэгжихдээ 5 жилээр ухарна. Ингэсэн нөхцөлд 14-15 тэрбум төгрөгийн санхүүжилт төрөөс шаардана. Дээр нь жил бүр 20 орчим тэрбум төгрөг шаардана гээд тоочвол Нийгмийн даатгалын сан нь хүндхэн байгаа үед цаашдаа энэ хэрийн ачааг төр даагаад явах тэнхэл байгаа юу гэдгийг сайн бодолцохгүй бол эргээд улсдаа тээр болж мэдэхээр байгаа юм. Гэвч сонгууль дөхсөн үед хууль тогтоогчдод улсаа бодохоос илүү санал зулгаах нь хамгийн чухал болоод байна.

Төрхөмдөө буцсан Тавантолгой яах вэ?

Хаврын чуулганы хамаг цагийг хороосон Тавантолгой төсөл Засгийн газарт буцсанаас хойш таван сар өнгөрчээ. Төслийг буцаах гол ажлыг нугалалцсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар энэ сарын эхээр Тавантолгой ордыг ашиглах хуулийн төсөл боловсруулснаа санал авахаар Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Төсөлд санал өгөх хуулийн хугацаа нь удахгүй болно. Үүний дараа төсөл санаачлагчид Тавантолгой ордыг ашиглах тогтоолын төслөө УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болно.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт  олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газар хангаж байгааг онцолсон. Үүгээр бол Засгийн газар Тавантолгойн хоёр дахь төслөө УИХ-д өргөн мэдүүлэх болж байгаа юм. Түүнд Гашуун сухайт, Шивээхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогод захирагдах,  1072 хувьцааг эзэмшиж байгаа иргэддээ илүү үр ашигтай хувилбарыг санал болгохоор ажлын хэсэг ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд энэ ордыг илүү өгөөжтэй байдлаар ашиглах нь юу, юунаас чухал болсон. Тиймээс УИХ намрын чуулганаа завсарлуулахаас урьтаж Тавантолгойн асуудлыг шийдвэрлэх нь хоолойд тулсан ажил болоод байгаа.

2015 оны намрын чуулганаар хэчнээн хууль баталсан бэ?  

УИХ 2015 оны намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр баталсан юм. Үүнээс ямар хууль нь батлагдаж, ямар хууль хэлэлцүүлгийн шатанд байгааг тодотгоё.  

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /баталсан/

  2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл /баталсан/

  3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл /баталсан/

  4. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл /баталсан/

  5. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/баталсан/

  6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

  7. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл/баталсан/

  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

  9. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

  10. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

  11. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/байнгын хорооны хэлэлцүүлэгт/

  12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/байнгын хорооны хэлэлцүүлэгт/

  13. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

  14. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/ажлын хэсэг дээр хэлэлцүүлэгт/

  15. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл/байнгын хороо хэлэлцүүлгийн шатанд/

  16. Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл/байнгын хороо хэлэлцүүлгийн шатанд/

  17. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

  18. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

  19. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/хэлэлцүүлгийн шатанд/

  20. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлэгт/

  21. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлэгт/

  22. Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

  23. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

  24. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/батлагдсан/

  25. Органик хүнсний тухай хуулийн төсөл/ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлэгт/

  26. Хог хаягдлын тухай хуулийн төсөл/ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлэгт/

  27. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл/ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлэгт/

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна