ОХУ, Туркийн зам нийлсэнгүй

2015 оны 11 сарын 30

 

 

Туркт “ар нуруунаасаа хутгалуулсан” В.Путин уур хилэнгээ нууж чадахгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч бямба гаригт Туркийн эсрэг хориг тавьсан бөгөөд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Турк улс ийм явдал болсонд харамсан гашуудаж байна.” хэмээн мэдэгдсэнээс хойш удалгүй Кремлийн вэб сайтад зарлигийн талаар мэдээлсэн юм. Одоо ОХУ, Туркийн харилцаа цаашид чухам хэрхэн өрнөх нь олон хүний анхаарлын төвд байна.

 

Кремлийн эзэн В.Путин болон өнгөрсөн жил Туркийн ерөнхий сайдаас ерөнхийлөгч болж дэвшсэн Режеп Тайип Эрдоган нарт хэн хэндээ бууж өгөхгүй адил төстэй шинжүүд бий. Хоёулаа хүчтэй удирдагчийн имижтэй, хэн хэн нь дэмжигч бас үзэн ядагчтай.

 

Аль алин нь тулгараад буй асуудлыг шулуухан түс тас ярилцаж, нударгаар шийдэхээс ч буцахгүй. В.Путин Оросын цэргийн онгоцыг сөнөөсөн явдлыг “ар нураанаас хутгалсан хэрэг” гэж үзэж, Туркийг алан хядагчдын хамсаатан гэж зарласан билээ. Харин Режеп Тайип Эрдоганы дэмжигчид Оросын онгоцыг унагасан хэрэг явдлыг алга ташин дэмжиж байгаа юм. Мөн хоёр удирдагчийн ард олны дэмжлэгийг олж чадсан арга нь ч адилхан. В.Путины хувьд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний дараа нэр хүнд нь өсч, олон нийтээс ихээхэн хүлээсэн бол Режеп Тайип Эрдоган Курдын босогчдыг хашраах тухай гоёмсог үг, илтгэлээрээ олонхийн дэмжлэг авч, сонгуульд ялалт байгуулж чадсан. Турк, Сирийн хилийн ойролцоо Оросын цэргийн онгоцыг сөнөөсөнд гайхах турк хүн байхгүй. Учир нь Сирийн турк хэлтэй, турк угсааны Туркменүүд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын засгийг унагаахаар босогчидтой нийлсэн юм. ОХУ өнгөрсөн есдүгээр сараас Сирийн босогчдод агаарын цохилт өгснөөс хойш тэдний 1600 орчим нь Туркийн хил рүү дүрвэжээ.

 

 

Анкара тэдгээр ахан дүүсээ зэвсгээр хангадаг нь тодорхой болсон. Оросууд Сирийн босогчид болон алан хядагчдад агаараас цохилт өгч эхэлсэн нь Туркийн засгийн газарт ихээхэн саад болжээ. Учир нь Сири дэх ИУ бүлгийн булаан эзэлсэн нутгаас Турк руу их хэмжээний нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж буйг Орос эртнээс мэдсэн ажээ. Туркийн тал Оросын цэргийн онгоцыг 17 секунд зөрчсөн тул анхааруулга өгсөн гэж тайлбарласан. Гэвч Туркууд үүнээс цааш тэвчиж чадаагүй бололтой. Харин одоо бүгд Кремлийн эзний дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байна.

 

ОХУ-ын ерөнхийлөгч Турктэй байгуулсан цэргийн хамтын ажиллагаа, визгүй зорчих дэглэмийг цуцалж, Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан бөгөөд аюулгүй байдлын үүднээс иргэдээ тус улсад аялахгүй байхыг анхааруулсан юм. ОХУ-ын аялал жуулчлалын том компани ч нислэгүүдээ цуцалсан билээ. Гэсэн хэдий ч ОХУ тус улсаас Элчин сайдаа эргүүлэн татаагүй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд хоёр орны гадаад хэргийн сайд нар уулзах нь тодорхой болжээ. Дээрх хэрэг явдлын дараа хоёр тал хоорондоо хатуу үг шидэлцэх нь тусыг олохгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

Ажиглагчдын үзэж байгаагаар ОХУ, Франц хоёрын хамтын ажиллагаа хэр гүнзгийрэх болон НАТО үүний дараа ямар алхам хийхээс ихээхэн хамаарах бололтой.

 

Одоо бол хориг тавьснаас болж хэн нь их хохирол амсах вэ гэдэг асуудал юу юунаас илүү анхаарлын төвд байгаа юм. Зарим ажиглагчид Крымийн хойг, Украинтай холбоотой асуудлаас болоод Барууны орнуудын хоригт хүлэгдээд буй ОХУ-д Туркт тавьсан эдийн засгийн хориг нь нэрмээс болж мэднэ гэж байгаа юм. ОХУ Украины хямралаас болоод цуцлагдсан байгалийн хийн хоолойн the South Stream төслийн оронд Турктай хамтран Хар тэнгисийн доогуур байгалийн хийн хоолой барих  Turkish Stream төсөл эхлүүлсэн байсан нь талаар болж байна. Мөн Туркийн эсрэг ОХУ-ын хориг нь Туркт өчүүхэн харин Орост ихээхэн хохирол учруулж мэдэх юм. Нөгөө талаар ОХУ, Турк хоёр худалдааны том түншүүд бөгөөд Туркийн импорт өөр ямар ч орноос илүү ОХУ-тай зузаан билээ. Харин экспортынх нь дийлэнх баруун Европт ногддог. Бас нэг зүйл нь Турк Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч. ОХУ-ын нөхцөл байдал богино хугацаанд тогтвортой байж болох ч урт хугацаанд энэ хэвээр үргэлжилбэл хүнд байдалд орох нь тодорхой.

 

Зарим ажиглагчид ОХУ-ын хориг тус улсад бизнес эрхэлдэг Туркуудэд мууг зөгнөж байна гэж үзжээ. Хоёр орны аль алин нь урт хугацааны худалдаа, бизнесийн харилцаанд хохирол учрахыг хүсэхгүй нь мэдээж. Харин нөгөө зарим нь ОХУ-ын хоригийг Иран-маягийн хоригтой зүйрлэж байна. Урьдчилсан мэдэгдлээс харвал үүний дагавар нь хүмүүсийн төсөөлж байснаас ч илүү хохиролтой байж мэдэх.

 

Хориг ямар ямар салбарыг хамрахыг дүрсэлвэл:

 

  • Туркийн визгүй зорчих дэглэмийг цуцалснаар тус улсын иргэд ирэх сарын 1-нээс эхлэн визтэй зорчино.

 

  • Туркээс нэг ч жимс, ногоо ОХУ-ын хилээр орохгүй. ОХУ-ын албаны хүний мэдэгдсэнээр “Манай эрчүүдийг хөнөөсөн пуужингийн хариуд бид нэг ч турк төмс авахгүй.”

 

  • ОХУ-д Туркийн барилгын компаниуд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Москва дахь барилгын төслүүдийн 70 хувийг Туркийн компаниуд эзэлдэг.

 

  • ОХУ дахь Туркийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа буурна. Оросуудыг хөнөөсөн хүний гэрт амьдрах нэг ч орос гарахгүй.

 

  • Тур операторууд Турк дэх бүх аялалаа цуцална. Хэдийгээр Турк руу аялахыг хүсэх хүн гарч болох ч тур операторууд тийшээ аялал зохион байгуулахгүй. ОХУ-ын Дотоод хэргийн яам албан ёсны вэб хуудсандаа “ОХУ-ын иргэдийн хувьд Турк аюулгүй газар байхаа больсон” гэж анхааруулга гаргасан байна.

 

  • ОХУ Туркийн онгоцнуудад агаарын замаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн тул тус улс дахь гадаадын хоёр дахь том иргэний агаарын тээврийн компани “Turkish Airlines” Оросоос гарах нь гарцаагүй. 

 

  • Санхүүгийн бүх гүйлгээг хориглосон тул Турктэй холбоотой бүх данс, гүйлгээг Иранд баруунтай холбоотой бүхнийг хэрхэн хүлээж авдаг шиг хянадаг болно.

 

  • ОХУ-аар дамжин гардаг Туркийн ложистик компаниудад ч мөн хориг хамаарна. Энэ сарын 30-нд Парис хотноо болох Уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад ОХУ, Туркийн болон дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд оролцох юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах саналыг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Оросын төрийн тэргүүн В.Путинд тавьсан боловч тэрбээр саналыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна