Хориг ба парламентын боломж

2015 оны 11 сарын 30

2016 оны төсвийн нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувь байхаар УИХ баталсан. УИХ-ын гишүүдийн тооцоолсон, тооцоолоогүйг нь мэдэхгүй ч өөрсдийнх нь гаргасан 94 дүгээр тогтоолын дагуу 13 орчим тэрбум төгрөгөөр алдагдал нэмэгдэж магадгүй байна.

Учир нь Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргасныг УИХ хүлээн авсан. Тодруулбал нийслэлийн 2-3 дүүргийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг дүүрэг бүрт байгуулах ёстой гэж Цэц айлдсан. Үүгээр ч зогсохгүй 2-3 аймгийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ. Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд шүүх нэмж байгуулахад 13 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлж магадгүй гэсэн учир нь УИХ-ыг энэхүү тогтоолоо дахин эргэн харахыг хүсч, Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаарч төсвийн алдагдал нэмэгдэх үгүйг энэ долоо хоногийн пүрэв гаригт УИХ хэлэлцэнэ.

Төсвийн данс улайсан учраас агентлагуудаа нэгтгэж, байрыг нь зарахаас өөр аргагүйд хүрсэн Засгийн газарт үнэндээ шүүх нэмж байгуулах мөнгө байхгүй. “Хуулиа л дагана даа” гээд УИХ хоригийг хүлээж авахгүй бол сульдсан төсвийг “сөхрүүлж” мэдэх зардал гарах хэрэг гарна. 

Хэрэв хоригийг хүлээж авахгүй бол аймаг бүрт давж заалдах шатны шүүх дагнан байгуулахад дор хаяж 80 орчим шүүгч хэрэгтэй. 80 шүүгчийн 80 туслах, бичиг хэрэг, харуул, үйлчлэгч гээд дагалдах зардал олон тэрбумаар тоологдоно. Багахангай дүүрэгт л гэхэд тэднээс гадна цоо шинээр шүүх байгуулна. Байшин барилга, орон сууц албан тасалгаа хэрэгтэй.

Нийслэл ч яах вэ, харин хөдөө орон нутагт шинээр байгуулах шүүхийн шүүгчид гэр бүлээрээ нүүж очих хэрэг гарна. Дахиад л зардал, чирэгдэл. Хэрэв төсөв хүндрэлтэй гээд шүүх байгуулахгүй дээрээ тулвал шүүхийн шинэтгэлээс ухрахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ингэсэн тохиолдолд эрүү, иргэн, захиргааны хэргээр мэргэшсэн шүүгчээр хэрэг, маргаанаа шийдүүлэх иргэдийн эрх зөрчигдөх аюултай. Ийм учраас л ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Монгол Улсын асуудал боллоо” гэдгийг хэлээд буй. Нөгөөтэйгүүр хүн амынх нь нөхцөл байдал, хэргийг нь харгалзан үзсэн ч аймаг бүрт шүүх байх нь илүү зардалтай. Харин өнөөгийнх шиг хэргийн зохигчид хүсвэл тухайн аймагт нь шүүгч томилолтоор ажиллаж байгаа түүнээс хавьгүй зардал бага. Тиймээс л эдийн засгийн хувьд Цэцийн шийдвэр дэндүү үрэлгэн гээд буй хэрэг. 

Энэ бүхнээс гадна Цэцийн гаргасан дээрх шийдвэрт бас нэг “но” бий. Түүнийг ч Ерөнихийлөгч хоригтоо тодорхой дурдсан “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ.  

Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэх...” гээд буй.

Харилцан адилгүй жишиг нь юу гэсэн үг вэ гэхээр наад зах нь 2004 онд байгуулагдсан Захиргааны хэргийн шүүх гэхэд улсын хэмжээнд давж заалдах шатны ганц шүүхтэй. Өөрөөр хэлбэл аймаг болгонд анхан шатны Захиргааны хэргийн шүүх байгаа харин Үндсэн хуулийн Цэцийн хэлээд буй шиг давж заалдах шатны шүүх байхгүй. УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль баталсан нь  бас Үндсэн хууль зөрчсөн болж таарах гээд байна. Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон. Үндсэн хуулийн Цэц ч Шүүх байгуулах тухай хууль гаран гартал “амаа үдээтэй” байлгасан хэрнээ 11 жилийн дараа “эцэг” хуулийг зөрчиж байна гэсэн нь хачирхалтай тайлбар. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг хоёр хуульд өөр өөрөөр тайлбарлаж буй хэрэг. 

Хэн нэгэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ганцхан нийслэлд байгаа нь Үндсэн хууль зөрчжээ, иргэдээсээ шүүх холдсон байна гэвэл Цэц харилцан адилхан шийдвэр гаргах үүднээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулах шийдвэрийг гаргах нь. Ер нь гаргахаас ч аргагүй байдалд орно л доо. Ингэвэл мөнөөх 13 тэрбум 26 болж хувирна.  Энэ бол наад захын л жишээ. Гэр бүлийн хэрэг маргаан гаарсан энэ цаг үед гэр бүлийн шүүх байгуулах шаардлага тулгарсан. Гэвч Цэцийн шийдвэрээс шалтгаалаад шүүх хэрэг маргааны төрлөөр дагнаж болохгүйд туллаа. Хэрэв дагнавал аймаг бүрт адилхан байгуулахгүй л бол мөнөөх айхтар жишгээр Үндсэн хууль зөрчсөн болох нь байна. Энэ бол шүүхийн шинэтгэлээс ухрах алхам. Ийм л ухралтыг Цэц шаардаж, жишиг тогтоож орхилоо. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй, авлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрээ хэвээр үлдээвэл шийдвэрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв тэгвэл эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй учраас зайлшгүй төсвийн тодотгол хийх хэрэгтэй болох нь гарцаагүй. Энэ хирээрээ иргэний шударга шүүхээр шүүлгэх боломж хумигдаж эхэлнэ.

Шүүхийн шинэтгэлийн амин чухал нэг хэсэг нь шүүхийг дагнаж, шүүгчийг мэргэшүүлэх явдал байсан. Харин Үндсэн хуулийн манаачид хийгээд хууль тогтоогчдын аль аль нь үүнийг тооцож, эдийн засаг болоод иргэддээ ашигтай шийдвэр гаргана гэж найдах үлдлээ.

Ямартай ч Цэцийн шийдвэрийг хүлээн авсан УИХ-ын 94 дүгээр тогтоолоо эргэн харах боломж нь Их хуралд бий.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна