Путин Туркийн эсрэг хориг арга хэмжээ авлаа

2015 оны 11 сарын 30

Shutterstock

 

Туркийн эсрэг авах эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай зарлигт Владимир Путин гарын үсгээ зурав. Энэ баримт нь Туркийн бизнесийн эсрэг авч байгаа хориг юм. Туркийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний экспорт, туркуудын Орост ажиллах нь ийнхүү хорионд орж байна. Хязгаарлалтын тодорхой жагсаалтыг Оросын Засгийн газар нь гаргана. Гэвч нөгөө талдаа Оросын жуулчны агентлагууд, чартерийн нислэг, амралтын газрын тасалбарын худалдаанд  уг хориг арга хэмжээ сөргөөр нөлөөлж магадгүй байна.

 

Орос-Туркийн харилцаа тунд хүнд байдалд орлоо. Энэ  асуудал төрийн дээд төвшинд яригдах болов. Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах зарлигт Оросын  ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан тухай  Кремлийн сайтаар мэдээлжээ.

 

Хэдийгээр уг баримтад түр хугацааны гэж тусгагдсан арга хэмжээ нь “Оросын үндэсний аюулгүй байдлыг хангах, Оросын иргэдийг гэмт хэргийн болон хууль бус хамгаалах” зорилготой бөгөөд мөн Турктай эдийн засгийн харилцаагаа хязгаарлахад чиглэгджээ.

 

“Үндэсний аюулгүй байдал, үндэсний сонирхлыг” хамгаалах үүднээс  арилжааны зорилготойгоор турк гаралтай “бараа бүтээгдэхүүний зарим төрлийг хориглох буюу хязгаарлах”-аар Владимир Путин зарлиг гаргав.

 

Туркийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа ашиглахад нь оросуудад уг хориг үйлчлэхгүй. Эдийн засгийн тусгай арга хэмжээнд хамрагдах Туркийн үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар нь боловсруулах юм. Ийм хязгаарлалтын журам ч хүнсний бүтээгдэхүүний хоригт үйлчилж эхэлнэ.

 

Оросын хяналтын байгууллагууд ерөнхийлөгчийнхөө зарлигийг гарахаас өмнө  Туркийн барааг шалган оруулахад нь хязгаарлалт хийж эхэлсэн байлаа. Холбооны гаалийн алба Туркийн бүх бараанд үзлэг хийн хяналтыг чангатгах  “чимээгүй тушаал” авсан байв. Оросын Хөдөө аж ахуйн яам тус орноос импортоор орж ирж байгаа  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэлт шалгалт хийх үүрэг  хүлээв.

 

Путины зарлиг нь Туркийн хууль эрх зүй дор байгаа компаниудад хамааралтай. Оросын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын   жагсаалтыг Засгийн газраас гаргахаар болжээ.  Оросын компаниуд турк ажилчдыг авч ажиллуулахыг 2016 оноос эхлэн  хориглохоор болж байна.

 

Холбооны цагаачдын албаны мэдээгээр, одоо Орост 87 мянган турк амьдарч байгаа юм. Тэднийг ямар ажилд ажиллахад хориг тавихыг бас л Засгийн газар шийдэх болно. “Туркийн барилгачдыг  ажиллуулахгүй боллоо гэхэд  байрилга байгууламжийн ажил зогсохгүй. Өнөөдөр орос мэргэжилтнүүд барилгын бүх ажилд мэргэжсэн байгаа гэж Орон сууц, ахуй үйлчилгээний болон барилгын сайд Михаил Мень мэдэгдлээ.

 

Харилцан зорчихыг хязгаарласан  арга  хэмжээ зарлигт тусгай заалтаар тусгагдсан байна. Тухайлбал, Путины зарлиг нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр визгүй зорчих дэглэмийг зогсоож байгааг Гадаад хэргийн сайд Сергей Лавровын зарласаныг баталгаажууллаа.

 

Жуулчны операторууд, агентлагууд оросуудад  Туркт аялахыг багтаасан жуулчлалын багцыг  худалдахаас “татгалзах ёстой” мөн үүнтэй холбоотойгоор хоёр орны хоорондын чартерийн тээврийг зогсоож байна хэмээн уг баримтад заажээ. Туркт агаарын тээврийн тогтмол нислэгийг  одоогоор хаагаагүй. Гэхдээ засаг захиргаа нь  бусад төрлийн тээврийн хяналтыг чанга боллоо.  Туркийн авто тээвэр, усан онгоцны үзлэг хатуу чанга хяналтад оров.

 

Туркийн F-16  сөнөөгч онгоц Сирийн нутаг дэвсгэрийн дээр Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа хоёр орны харилцаа эрс муудсан юм. Үүний хариуцлагыг Турк авч, Оросын онгоц агаарын хилийг нь зөрчсөн гэж буруутгасан байлаа. Москва өөрийн онгоцыг зөвхөн Сирийн нутагт нислэгээ хийсэн гэж байгаа юм.

 

Турк нь Оросын худалдааны томоохон түнш бөгөөд өнгөрсөн онд 31,6 тэрбум долларын худалдааны эргэлтээр зургадугаарт бичигдэж байлаа. Хоёр орны экспорт нь 24,9  тэрбум доллар, импорт  нь 6,6 тэрбум долларт хүрч байсан юм.  Туркийн хувьд  Оросын гадаад худалдаанд  4 хувь буюу экспортод  4,9 хувь, импортод 2,3 хувийг эзэлж байжээ.

 

Оросын гаалийн албаны мэдээгээр энэ жилийн эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс худалдааны эргэлт 21,5 хувиар бууж 14,4 тэрбум доллар болсон ба түүний тоонд экспорт 12 тэрбум (бууралт нь 16,5%), импорт – 2,4 тэрбум (39,8%) доллараар тус тус буурчээ. Тэдний худалдааны гол онцлог нь хэмжээ ба бүтцээр тэнцвэргүй байгаа нь болдог.

 

Талууд зөрөөний алдварыг жуулчлалаар тодорхой хэмжээнд мөн ганзагын наймаа, өөрсдийн  иргэдийн мөнгөний шилжүүлгээр, Орост ажиллаж буй туркийн барилгын компаниудын ашгаар нөхдөг байлаа. Орос нь туркт байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, металл, нүүрс, улаан буудай нийлүүлдэг.

 

Туркаас Орост хөдөө  аж ахуйн бүтээгдэхүүн (жилийн эхний хагасын мэдээгээр 33,2%), машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл (23,4%), нэхмэл ба гутал (17,6%) нийлүүлдэг.

 

Мөн тус улсаас Орос нь шинэ жимс ногоо, жүрж; суудлын автомобиль ба тэдний эд анги болох нэхмэл (хувцас,даавуу); танкерууд, ачаа, зорчигч тээврийн хөлөг онгоцнууд, хоолойнууд, пластмасс, болд, гөлмөн төмөр, наран цэцгийн үр, гутал, угаагч хэрэгсэл,  цахилгааны утас, машин механизм, ахуйн техник, арматурын бэхэлгээ, шинэ загас, гэрийн тавилга зэргийг оруулдаг байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна