Хямдралаар америкчууд 10.4 тэрбум доллар үржээ

2015 оны 11 сарын 30

 

Зул сарын баярын хямдралын эхлэлийн “хар баасан” гаригт америкчууд нийтдээ 10,4 тэрбум долларын наймаа хийсэн тухай ShopperTrak гэх судалгааны алба тооцоолон гаргажээ.

 

Энэ тоонд онлайн-худалдааны дүн ороогүй ч шинжээчдийн дүгнэж байснаас $1,6 тэрбумаар давсан байв. Гэхдээ өнгөрсөн оныхоос 10 орчим хувиар бага юм. Тэр үед америкчууд арваннэгдүгээр сарын сүүлчийн баасан гаригт $11,6 тэрбум доллараа үрсэн байжээ. Америкчууд интернэтээр наймаа хийх нь нэмэгдэж байгаа учраас дэлгүүрийн орлого буурах болсон аж.

 

Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт интернэтээр дамжсан худалдаа 14,3 хувиар нэмэгдсэн нь 2,7 тэрбум орчим доллар байлаа.

 

Зул сарын өмнөх хямдралын улирал нь арваннэгдүгээр сарын сүүлчийн пүрэв гаригт тэмдэглэгддэг Талархлын өдрийн дараа эхэлдэг уламжлалтай.  Macy's, Target, Kohl's, J.C. Penney, Sears зэргийн том дэлгүүрүүд баасан гаригийг хүлээлгүй SALE-ээ пүрэв гаригаас эхлүүлсэн байв. Хар баасан  гариг гэж нэрлэгддэг супер хямдралаар бараа авах гэсэн Америкчууд шөнө дөлөөр дугаарлалд зогсон дэлгүүр нээгдэнгүүт хэрүүл зодоонтойгоор худалдааа хийдэг.

 

Талархлын өдрийн дараа худалдааны хямдрал хийх уламжлал АНУ-д XIX  зуунд гарч ирсэн ба “хар баасан гариг” нэрийг Пенсильвани мужийн Филадельфи хотынхон гаргаж ирсэн юм. тэр өдөр нь хотын замын түгжрэл их байдагт дургүйцсэн  хүмүүс  ингэж нэрлэсэн гэнэ. Хожим тэр нэр нь жилийн томоохон арилжааны үеэр  хэрэглэгдэх болоод дараа нь дэлхийд дэлгэрчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна