Орос нисгэгчийн цогцосыг Анкарад авчирчээ

2015 оны 11 сарын 30

 

Оросын “СУ-24” байлдааны онгоцны амь үрэгдсэн нисгэгч, дэд хурандаа Олег Пешковын цогцосыг Сирийн хилээс Туркийн нийслэл Анкарад авчирчээ. Оросын нисгэгчийн авсыг Туркийн хүндэт харуулууд өргөн явж, армийн нисдэг тэргээр Анкарад авчирсан байна.

 

Туркийн арми Оросын “СУ-24” байлдааны онгоцыг буудаж сөнөөсний дараа Олег Пешковыг шүхрээр бууж байхад нь туркмен босогчид газраас буудаж амийг нь хөнөөсөн юм. Түүний хамтран нисгэгч ахмад Константин Мурахтиныг Сирийн засгийн газрын армийнхан аварч, Оросын баазад хүргэсэн аж. Сири дэх туркмен үндэсний босогчид Оросын нисгэгчдийг шүхрээр бууж байхад газраас гал нээсэн юм. Амьд үлдсэн нисгэгч Константин Мурахтин албан үүрэгтээ буцаж орсны дараа даргынхаа өшөөг авна хэмээн мэдэгджээ.

 

 

Туркийн арми агаарын хилийг нь зөрчсөн Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөс хоёр орны харилцаанд дайсагнал, үл ойлголцол үүсээд байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уучлал гуйхаас татгалзсаны дараа ОХУ нь өнгөрсөн амралтын өдрөөр Анкарагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хамтын ажиллагаагаа зогсоожээ. Турк болон ОХУ -ын хооронд онгоцны нислэгийг цуцлаад байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна