"Миний хүүгийн үхэлд өөр шалтгаан бий"

2015 оны 11 сарын 30

Ж.Төмөрсүх: Миний хүүг зүгээр нэг янгирын хулгайч алаагүй, өөр ноцтой шалтгаан бий

Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Т.Лхавгасүмбэрэл учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг нийгмийн анхаарлыг татаж байна. “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” гэж гэрээсээ гарсан хүн зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс усанд живсэн байдалтай олджээ. Түүнийг гадны нөлөөтэй нас барсан гэсэн хардлага байгаа бол цагдаагийн байгууллагаас амиа хорлосон байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт хийгээд буй билээ. Ингээд хэргийн талаар талийгаачийн аав Ж.Төмөрсүх гуайтай ярилцлаа.

-Сайн байна уу? “Ардын эрх” сониноос холбогдож байна. Танд юун түрүүнд эмгэнэл илэрхийлье. Таны хүүгийн амь нас цаг бусаар эрсдсэн харамсалтай хэрэгт монголчууд бүгд зовниж, сэтгэл өвдөж байна?

-Тийм ээ, хүүгийн минь үйл хэрэг Монголынхоо төлөө байсан болохоор үнэн мөн нь олдох байх гэж найдаж сууна.

-Хэргийн шалгалт ямар шатандаа яваа юм бол оо. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Надад мэдсэн, дуулсан юм алга. Та бүхэнтэй адилхан л мэдээлэлтэй байна. Хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа болохоор ямар үр дүн гарахыг хүлээж байгаа. Төрийн байгууллага ажлаа хийж байхад би урдуур нь ороод гүйх нь дэмий биз гэсэн байр суурьтай. Гэхдээ юу болж байна, яаж байна гэж байнга ажиг сураг тавьдаг. Танил тал, найз нөхөд, хамаатан садан бүгдээс нь байцаалт авч байгаа юм билээ. Утас, компьютер, өөр шалгах юу байна, бүгдийг нь цагдаагийн байгууллагаас аваад явсан.

-Та хүүгээ гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа гэсэн. Үнэхээр тийм гэж үзэх баримт, үндэслэл танд байгаа юу?

-Би өөрийгөө хардах эрхтэй гэж бодож байгаа шүү. Яагаад гэвэл, надад 6-7 үндэслэл, хардлага, сэжиг бий. Хүү минь зүгээр явж байгаад, хаа байсан Хөвсгөлд очиж амиа егүүтгэх хүн биш. Миний хүүг мэддэг бүх хүн хэлнэ. Хэзээ ч тийм юм хийх хүн биш. Хүнийхээ хувьд хүний хайлан, маш шударга, зөв хүн байсан юм шүү дээ.

-Та хүүгээ ямар шалтгаанаар бусдын гарт өртсөн байх магадлалтай гэж бодож байна?

-Би хүүг минь хөнөөсөн гэдэгт бат итгэлтэй байгаа. Харин хэн, яах гэж, ямар учраас хөнөөснийг шалгаж тогтоодог байгууллага нь олж илрүүлэх байх. Хулгайн хууль бус анчид, үнэт чулууны эрэл хайгуулчид, уул уурхайн компаниуд, тэр байтугай орон нутгийн удирдлага, хууль хүчний байгууллагуудыг ч би энэ хэрэгт холбоотой байж болно гэж хардаж байгаа. Тийм сэжим таамаг бүрийг үлдээлгүй шалгаасай.

-Та хуулийн байгууллагыг ч хардаж байгаа гэж хэллээ. Үнэхээр тийм бол тэдэнд энэ хэргийг илрүүлнэ гэж найдалтгүй юм биш үү?

-Нэг их найдахгүй л байна. Өдий хүртэл олдохгүй байгааг бодоход саад тотгор учирч байна л гэсэн үг. Түүнээс биш манай цагдаа, хүчнийхэн хэрэг илрүүлэхээ хүрвэл маш шуурхай, хурдан шүү дээ. Өмнө нь удаа дараа халдлагад өртөөд байна гээд байхад юу ч хийгээгүй. Сэжиг бүхий ийм ийм бүлэглэл байна, ингэж дарамтлаад байна. Тэр ч бүү хэл, хутгалуулчихаад байхад ч цагдаагийн байгууллага хөдлөөгүй, цаад этгээдийг нь олохын төлөө ажиллаагүй. Манай хүү өмнө нь гурван удаа халдлага, дарамтанд орж байсан. Дөрөв дэх удаагийнх нь түүний аминд хүрлээ.

-Цагдаагийн байгууллага хөдөлж өгөөгүй гэдгээ жаахан тодруулахгүй юу. Яг юу болсон юм бэ?

-Хамгийн анх “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу дайрч хоолой, гарыг нь хутгалсан байсан. Азаар хүү минь үхээгүй. Дараа нь тавдугаар сургуулийн ойролцоо явж байхад нь том хар жийп тулж зогсоод хоёр залуу хүчээр машинд суулгасан байгаа юм. Тэгээд баг өмсүүлээд 20-30 км давхиж, их дуу чимээтэй газарт аваачсан гэсэн. Тэнд багтай гурван хүн дарамталж, заналхийлж “Чи хөдөө байхдаа их том том ярьдаг бацаан. Хөдөө ч, хотод ч бидний гараас мултрахгүй” гэсэн байгаа юм. “Хуультай улсад та нар ингэж болохгүй” гэхэд нь “Хууль бидний гарт байгаа. Чи яаж ч чадахгүй. Хуулийнхан манай талд” гээд зодсон тухай ярьсан. Тэгээд шөнийн хоёр, гурван цаг хүртэл дарамталж байгаад машиндаа суулгаад хотын төвд аваачиж хаясан гэсэн. Айлгаж, зүрхийг нь мохоох гэсэн байгаа байхгүй юу.

-Гурав дахь удаагийн нь яаж халдсан гэлээ?

-Өмнөговь аймгийн Тостын нуруунд судалгаа хийж явахад багтай хоёр хүн отож байгаад нэг нь толгой руу нь цохиж ухаан алдуулсан. Нөгөө нь гурав хутгалсан байгаа юм. Хүү минь ухаан ороод хутгалуулснаа мэдээгүй юм билээ. Мотоциклио унаад буцаж явж байгаад цус алдаж байгаагаа мэдсэн гэсэн. 30 км-ын зайд гурван цаг гаруй явж байрлаж байсан айлдаа очсон байгаа юм. Хүүгийн минь байсан айлынхан түргэн тусламж дуудаж, онгоцоор хотод авчирч Цэргийн госпиталд хэвтүүлсэн. Тухайн үед мэс засалд орж, сар шахуу хэвтсэн.

-Тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандсан л байлгүй. Тэдгээрийн мөрөөр ямар нэг арга хэмжээ аваагүй юм уу?

-Харин тэрийг л би гайхдаг юм. Удаа дараа хэлээд, зохион байгуулалттай, тоноглогдсон, мафи хэлбэрийн бүлэглэлийн дарамт, халдлагад өртөөд байна гэдгийг мэдэгдээд байхад тоогоогүй. Ерөөсөө л ямар нэг сонин тайлбар өгөөд л, хэргийг хэрэгсэхгүй болгох юм уу, хохирол учраагүй, эзэн холбогдогч нь олдоогүй гээд хаадаг байсан. Сүүлд хутгалуулчихаад байхад хүртэл цагдаагийнхан маш ёс бусаар хандсан юм билээ. Бараг л миний хүүг өөрөө өөрийгөө хутгалсан байна гэх шахуугаар доромжилсон гэсэн. Гурван удаа хутгалуулаад ирж байхад “Чамд өөрт чинь эрүү үүсгэнэ шүү” гэж дарамталж байсан байгаа юм. Хүү минь “Хуулийнхан ямар сонин хүмүүс вэ. Шударга юм гэж ер нь байдаг юм уу” гээд бүүр гомдчихсон явсан даа. Өөрөө их шударга, төлөв хүн юм чинь аргагүй шүү дээ.

-Цагдаагийн дүгнэлтээр хүүг тань гадны нөлөөгүй, амиа хорлосон байна гэж тогтоосон гэсэн. Хэрвээ таны яриад байгаа үндэслэлтэй бол ийм дүгнэлт гарсанд гайхах зүйл биш бололтой?

-Явдалтай хэрэг л дээ. Би гэхдээ цагдаагийнхны шалгалтын дүн эцсийн байдлаар яаж гарахыг үзэх бодолтой байна. Хуулийнхан аль зүг рүү явах гээд, зүглүүлэх гээд байгааг би ганц үгнээс нь л гадарлана. Надад тэр зэргийн туршлага бий. Өөрөө ус руу орж, живсэн гэж дүгнээд байгаа юм билээ. Хаа байсан 800 км-ын цаанаас давхиж ирээд усанд үйнэ гэж байхгүй л дээ. Яг хажууд нь байсан биш болохоор яг тэгсэн, ингэсэн гэж хэлэх арга алга. Гэхдээ л ганц биш, гурвын гурван халдлагын дараа амь насанд нь ямар нэг аргаар халджээ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

-Хүү тань амь насаа алдах үедээ согтсон байсан ч гэх юм уу, эсвэл зодуулсан гэх ямар нэг шинж тэмдэг байсан юм болов уу?

-Тийм зүйл байгаагүй. Аргагүй тийм байдалд л оруулсан, эсвэл тэгж харагдуулахаар зохион байгуулсан. Хүүг маань магадгүй мансууруулсан байж ч мэднэ гэж би бодоод байгаа. Түүнээс биш архи огт уудаггүй хүүхэд л дээ.

-Таныг хүүг хөнөөх тийм ноцтой шалтгаан хэнд байдаг байна аа?

-Хэнд ч байж болно. Зүгээр нэг янгир алсан хулгайн анчид хүний амь насыг хохироох хүртлээ хонзогнохгүй байх. Тэгээд ч миний хүү хэр баргийн хүнтэй муудалцаж, өс зангидах хүн биш. Тиймд цаана нь их л том эрх ашиг байгаа. Хэний эрх ашиг хөндөгдөж, яагаад ийм арга хэрэглэх болов гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Миний хүү тамга атгадаг, акт тавьдаг, шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй хүн биш байсан. Гэхдээ их л хүчтэй, нөлөөтэй, амийг нь хөнөөж байж л дарж авах тийм том үйл хэргийг хийж байсан хүн юм байна гэдгийг ойлгож, ухаарч байна. Тухайн газар орны ард иргэд хүчинд автсан тэр үед нь манай хүү оюун санааны  удирдагч нь болж, газар нутаг, уул усаа гэсэн сэтгэлийн галыг нь асааж өгсөн хэрэг. Ингээд ирэхээр “Үүнийг л дарж авахгүй бол болохгүй” гэсэн занаанд орчихсон байх. Тэгээд ч өөрөө маш том бүлэглэлтэй нүүр тулгарснаа мэддэг байсан шиг байгаа юм. “Би амиа алдах юм байна. Та нар намайг алах л юм байна даа” гэж хэлсэн бичлэг нь байгаа шүү дээ. Гарцаагүй байдалд орсон хүн л ингэж хэлнэ биз дээ.

-Хүмүүс Өмнөговийн Тосон уул, Тостын нурууны эргэн тойронд уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудыг илүүтэй холбож, хардаж байх шиг?

-Өөр хэн байхав. Тэднээс өөр хүний амь насаар асуудлыг шийдэж зүрхлэх хэн байдаг юм бэ. Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалгааны гол ажлыг хүү минь хийж байсан. Тэнд хорь гаруй лицензийг уул уурхайн компаниуд эзэмшдэг. Тэд лицензээ алдахгүй, ашигтай байхын тулд юуг ч хийж мэднэ. Тэдгээр компанид хувь эзэмшдэг УИХ-ын гишүүд ч байдаг юм гэсэн. Харин миний хүү Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулах саналтай. Өмнөговь аймгийн иргэд ч олноор дэмжсэн. Хамгаалалтад авахгүй бол байгаль орчинд хөнөөл учирч, ан амьтан дайжих байдалд хүрээд байгаа юм билээ. Миний хүү үүний эсрэг л таван жил гэртээ ч орж ирэлгүй хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан. Хүүд минь тэр нутгийн зон олон хайртай байсны гол шалтгаан энэ байх.

-Та бас байгаль хамгаалагч хүн. Тиймээс улс орны хэмжээнд байгаль орчноо хамгаалах тэмцэл эрх мэдэлтэй, зохион байгуулалттай бүлэглэлүүдийн өмнө хүчин мөхөсдөж байгаад эмзэглэж байна уу?

-Би хүүгээ алдсан эцэг хүний хувиар биш, эх орон, байгаль, газар шорооныхоо төлөө иргэн хүний үүднээс эмгэнэж байна. Өнөөдөр гар мухар байгаль хамгаалагчид олон юмтай тулж байгаа. Тэднийхээ өмнөөс би санаа зовж байна.

Д.ДАМДИНЖАВ

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна