Оросын онгоцнууд Сирийн баруун хойд хэсэгт бөмбөгдөв

2015 оны 11 сарын 30

 

Оросын байлдааны онгоцнууд ням гаригт Сирийн баруун хойд хэсгийн Ариха хотыг агаараас бөмбөгджээ. Сирийн босогчдод эзлэгдсэн Ариха хотыг бөмбөгдөх үеэр 30 хүн амь үрэгдсэн тухай албаныхан мэдээлэв. Өмнө нь өнгөрсөн пүрэв гаригт Оросын байлдааны онгоцнууд Ариха хотноо ачааны автомашины цувааг бөмбөгдөж, таван хүний амийг хөнөөсөн гэнэ.

 

Туркийн хилийн ойролцоо Сирийн хойд нутагт Оросын “СУ-24” байлдааны онгоц сөнөсний дараа шүхрээр бууж байсан нисгэгчид болон аврах албаны МИ-8 нисдэг тэргийг Сири дэх туркмен босогчид буудсан юм. Үүний улмаас Оросын “СУ-24” байлдааны онгоцны нэг нисгэгч, МИ-8 нисдэг тэргээр зорчиж явсан нэг цэрэг амь үрэгдсэн аж. Энэ хэргийн дараа ОХУ нь Сирийн баруун хойд нутаг дахь босогчдын эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлсэн байна.

 

Ариха хот өнгөрсөн тавдугаар сард эзлэгдсэнээр Идлиб муж тэр чигтээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг босогчдын гарт оржээ. “Исламын улс” бүлэглэл Сирийн газар нутгийн нэлээдгүй хэсгийн хяналтандаа авсан боловч Идлиб муж гол түшиц газруудын нэг биш гэнэ. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сарын 30-наас хойш Сири дэх Исламын улс бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна