400 орчим цагаан зээр хотод орж иржээ

2015 оны 11 сарын 30

Улаанбаатарт буюу 22-ын товчоогоор сүрэг цагаан зээр нийслэлийг чиглэн орж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Үүнд хүн бүр өөр өөрийн үүднээс тайлбар өгч, ихэнх нь “Энэ өвөл зуд болохын шинж”, “Тал хээрийн бүсэд цаг агаар муудаж байгааг илтгэнэ” хэмээн тайлбарлаж байна. Харин энэ үйл явдалд туршлагатай судлаач ямар тайлбар хэлэхийг сонслоо.

Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор Б.Лхагвасүрэнгийн хэлснээр үүнээс өмнө 1990 онд сүрэг цагаан зээр нийслэлийг зорьж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нутаглаад буцаж байжээ. Тэрбээр “Цагаан зээр бол өөрөө нутаггүй амьтан гэгддэг. Бэлчээрийн сайныг дагаад нүүдэллэдэг. Тэр ч утгаараа нутагласан газар нь цасны зузаан нэмэгдэж, цаг агаарын байдал хүндэрснээс ийнхүү сайн бэлчээр хайгаад нүүдэллээд явж байгаа” гэв.

Харин энэ талаар БОНХАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалан “Цагаан зээрийн тоо толгойг 400 орчим хэмээн таамаглаж байна. Өчигдрөөс хойш цагаан зээр нийслэлд орж ирж байгаа талаар яаманд иргэдээс мэдээлэл ирсэн. Тиймээс энэ асуудалд яамны зүгээс нэн тэргүүнд хяналт шинжилгээ явуулж, мэргэжлийн судлаачидтай хамтран, тэдний үгийг сонсож, цаашид хийх арга хэмжээгээ боловсруулж байна” гэв.

Энэ талаар үргэлжлүүлэн видео мэдээгээр хүргэх болно.

 

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна