Т.Аянга бас л завгүй

2015 оны 11 сарын 30

Тэрээр аав Б.Төмөрхуяг агсныхаа 70 насны ойд зориулсан үзэсгэлэнг Драмын театрынхантай хамтран Театрын музейд ирэх баасан гаригт гаргахаар ажиллаж буй нь энэ. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хараахан дуусаагүй.

Энэ удаагийн “Амьд­ралын тойрог”-тоо СТА Т.Аянгын гэр бүлийг ури­лаа. Тэрээр аав ши­гээ театрын зураач мэр­гэжил­тэй. Харин рок попынхон түүнийг “On&Off” про­дакш­наар “овог”-лочихоод байдаг юм билээ. Учир нь түүний гар бие оролцоогүй тоглолтын тайз рок по­пын­хонд байхгүй. Уран бүтээлээр эхэлсэн нөхөрлөл гэр бүлийн найзууд болтлоо дотноссон гэхээр тэрээр яалт ч үгүй “On&Off” продакшны нэг хэсэг.

Т.Аянга бас л завгүй. Бид хоёр уг нь гэрт нь уулзахаар болзсон ч Театрын музей, Драмын театрт болоод энэ хоёрын хооронд богино эргэлт хийсээр өдрийг барчихав. Тэрээр аав Б.Төмөрхуяг агсныхаа 70 насны ойд зориулсан үзэсгэлэнг Драмын театрынхантай хамтран Театрын музейд ирэх баасан гаригт гаргахаар ажиллаж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хараахан дуусаагүй. Үүнээс гадна ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулаад “Улаанбаатар” чуулгат “Хонх” хэмээх театрчилсан тоглолт хийх гэж байгаа. Түүн дээр ч бас ажиллаж байгаа юм билээ. Иймээс л байсхийгээд л энд тэнд ажил гараад байгаа бололтой байн байн утас нь дуугарна. Тэр бүрт Т.Аянгад тээршааж, түүртсэн шинж ер үгүй. Айвуу тайван гэгч нь утсаа аваад л ярих юм. Хөндлөнгийн нүдээр бол их л стресстэй ажиллаж байгаа юм шиг санагдана. Гэтэл хэр барагтай л бол “амнаас нь алт уначих вий” гэсэн шиг сайн, муу үг хэлж, хэтрүүлсэн хүнд бол чангахан шиг авиа ч гаргахгүй юм.

Ийм их ажлын хажуугаар яаж ийм дуугай, тайван налгар байж чадаж буйг нь бүр гайхширч орхилоо, би хувьдаа. Анх уулзахдаа ажил нь амжихгүй жаахан ааштай байгаа юм болов уу гэж андуу бодсоныг яана. Гэтэл “Энэ удмын эрчүүд бүгдээрээ ийм дуугүй шүү дээ” гэж гэргийг нь хэлэхэд ямар хүнтэй уулзаж байгаагаа ойлгож тайвширсан юм даа. Ингээд л анхандаа “Тийм”, “Үгүй” төдийхнөөр эхэлсэн яриагаа “бие халаалт” юм байна гэж тооцоод аажуу тайван гэгч нь ажилдаа орлоо.

 

ДӨРВӨН ҮЕИЙН ЗУРААЧИД

Б.Тємєрхуяг агсан багш, Ардын зураач Ц.Доржпаламын хамт.

Түүний аав Б.Төмөрхуяг агсан Ленинград хотын Театр урлагийн дээд сургуулийг театрын зураач мэргэжлээр дүүргэжээ. Ажлын гараагаа театраас эхэлсэн залуу тус сургуулийн хуваарьт тэнцэж суралцсан нь нүдээ олсон хэрэг байлаа. Тэрээр сургуулиа төгсч ирээд Монголын театрын урлагт цоо шинэ өнгө аяс нэмж, тайзны чиг хандлагыг өөрчилсөн гэж тухайн үеийн уран бүтээлчид  үздэг юм билээ. Манайхан гэр гэвэл заавал гэр барьж, байшин гэхээр заавал байшин босгох гэдэг байж. Үүнийг мань эр өөрчилж, тайзны засал чимэглэлд таних тэмдэг ашигласан анхны туршилтуудыг хийсэн нь амжилттай болжээ. Тодруулбал, гэр гэхэд заавал гэр барих биш нэг хана дугуйлаад тэр нь яг гэр дотор байгаа юм шиг харагдахаар тайзаа засч чимэглэдэг байв.

Б.Тємєрхуяг. “Галилейн амьдрал” жїжгийн тайзны эскиз.

Соёлын яамны орлогч сайд асан Ж.Баатарцогт “Театрын олонх зураач хүнд өнгөөр санаагаа илэрхийлдэг. Б.Төмөрхуяг тэднээс их өөр. Маш хөнгөн, гэгээн өнгөтэй зураач байсан даа... ”хэмээн дурссан удаатай. Тийм ээ, тэр анхнаасаа их өөр байж. Өөр байхаас ч аргагүй.

Б.Төмөрхуяг агсны аав нь сүм сэргээн засварладаг хүн байжээ. Тиймээс бага наснаасаа будаг шунханд ойрхон өсч, зураг зурна гэдгийг зүгээр л амьдрал дундаасаа аандаа сурч, өөрийн гэсэн өнгө будгаа хайж буйгаа яахин мэдэх билээ. Цаг төр өөрчлөгдөж бяцхан хүү урлагийн ариун сүм гэгдэх театрын зураач болжээ. Урлагийн бурхан Янжинлхам ч энэ удмынханд зураг урлалын авьяасыг харамгүй хайрласан бололтой.

Амьдрал, уран бїтээлийн найзууд.

Одоо хүү Т.Аянга, ач хүү А.Дөлгөөн нар аав, өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн ажиллаж байна. Аянгын эгч Т.Уянга ч Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсчээ. Одоо “Чингис” зочид буудалд менежер хийдэг. Түүний охин Анударь нь бас зураач. Гэхдээ тэд хүүхдүүдээ зураач болгоно гэж хүчилсэн нь үгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлээ өвлүүлнэ гэж зүтгээгүй. Нэг л мэдэхэд эгч Т.Уянгын охин Анударь, Т.Аянгын хүү Дөлгөөн нар зураач болчихсон байжээ.

Орчин үеийн урлаг техник технологийн дэвшлээ дагаад компьютер график, дижитал хэлбэр рүү шилжиж байгаа. Тиймээс А.Дөлгөөн график дизайныг гар зурагтай хослуулах аргыг түлхүү ашигладаг аж. Гэхдээ будаг бийрээр зурахад хүний характер, илэрхийлэх гэсэн санаа арай өөр харагддаг гэж үздэг юм билээ.

 

УРЛАН ШИГ БАС ТОГЛООМЫН ӨРӨӨ ШИГ 

Б.Тємєрхуягын гэр бїл. Эхнэр С.Эрдэнэтуяа, охин Т.Уянга, хїї Т.Аянга.

Зураач аав, багш ээжийн хүү Т.Аянга бага насныхаа тухай “Манай гэр урлан шиг л байлаа. Бөөн будаг шунх, цаасан дотор хүүхэд нас маань өнгөрсөн. Аавынхаа хажууд л зураг зурж өнждөг байлаа. Энэ нь намайг гарын дүйтэй болгожээ. Манайх обойны оронд орчин үеийн палакатыг ханаараа дүүргэж наасан айл байлаа. Би аавынхаа шавь нарын хийж өгсөн буу, машины макетаар л тоглож өссөн” гэв.

Харин анхны уран бүтээлээ 1980-аад оны үед тавигдсан “Хөхөлтэй хүү” жүжгийн палакатыг гэж нэрлэлээ. Арван таван толгойтой атгаалжин хар мангастай тэмцэж байгаа хүүг зурсан нь жүжгийн агуулгаа илэрхийлж чаджээ. Аав нь хүүгээ өөрийнхөө санааг гаргаж зурахыг дэмждэг байв. Гэхдээ “Чи багшаа хүндэл. Би багшийн өмнөөс заахгүй. Багшаасаа асуу” гэдэг хүн байж. Түүнээс биш “Багш чинь юу заагаад байгаа юм” ч гэдэг юм уу “Тэрийг тэг, энийг ингэ” гэж өөрийн санааг огт тулгахгүй. “Чи ямар бодолтой байна”, “Багш нь юу гэж зөвлөж байна вэ. Багш хүний үгэнд, орж хүндэлнэ шүү” гэж захьдаг байжээ. Төрийн шагналт зураач Ц.Цэгмид түүний багш. Аав ч ухаантай, багш ч чадалтай. Энэ хоёрын дундаас ургасан уран бүтээлч нь Т.Аянга.

Б.Төмөрхуяг их гэр амьтай, цэвэрч нямбай хүн байжээ. Аливаа ажлыг хойш тавих дургүй. Их зарчимч. Дүрслэх урлагийн сургуульд багшилж байхдаа шавь нараа гэртээ ирэхэд нь сайхан хоол хийж дайлдаг. Эмэгтэй хүнийг хайрлаж, ухаантай амьдрахыг шавь нартаа зааж захьдаг хүн байсан гэнэ. Шавь нарынх нь багшаасаа хамгийн их сонссон үг нь “Юмыг гүйцэт сайн хий” гэдэг захиас. Макет хийлгэхдээ байнга чанарыг нь шалгаж шаардана. Нүд хуурсан юм хийхийг үзэхгүй. Хүн “Энэ чулуу байна” гэж бодоод очоод авахад нь цаасаар хийчихсэн загвар андуурснаа мэдэж байх хэмжээнд ажлаа гүйцэтгэхийг шавь нараасаа хүсдэг байв. Өөрөөр хэлбэл, бодит дүрслэлийг сайн гаргаж өгөх ёстой. Тэгээд ч театрын зураач хүн мужаан, баримал, хувцасны дизайнер, үс засалт, хувцасны түүх зэргийг бүгдийг мэддэг, хийж чаддаг байх ёстой гэж үзнэ. Нэг даашинз зурлаа гэхэд зүгээр загвар гаргах төдий биш өөрийн санаагаа бүтээлдээ шингээж, тайзан дээр тухайн жүжгийг илэрхийлэх ямар зүйл тавьж болох вэ гэдэг эрэл хайгуулыг байнга хийдэг уран бүтээлч байжээ.

А.Дєлгєєн євєєгийнхєє євєр дээр эрхэлсэн ганц ач нь. Тэд Тємєр замд хамтдаа амьдарч байжээ.

Ач хүү А.Дөлгөөн “Өвөө маань намайг их эрхлүүлдэг байлаа. Тэр үедээ шинээр гарсан тоглоом бүхнийг авч өгнө. Надад ерөөсөө уурлаж, хатуу үг хэлж байсангүй. Ганц хэлдэг үг нь “Яасан их тоглодог юм бэ” гэдэг байв. Тэгсэн мөртлөө өөрөө эрхлүүлэх бүх нөхцлийг хангана. Өглөө босоход хоол цай бэлэн. Тэр үед ганц хийдэг ажил маань тоглох байв. Их гоё хоол хийнэ. Би гурилтай шөлөнд нь илүү дуртай байлаа” хэмээн бага насныхаа тухай ярив. Б.Төмөрхуяг гуайг Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байх үед ач хүү нь ажил дээр нь очдог байжээ. Хаалга онгойлгох бүрт огт өөр өнгө, дүрстэй ертөнц угтана. Хамгийн их байсан зүйл нь сонин. А.Дөлгөөн хамгийн анх сонинг барьж үзэхдээ тоглоом хийдэг зүйл гэж ойлгож, хүлээн авчээ. Хүүхэлдэйн баатрын загвар, хүүхэлдэйн ордон, жүжгийн жижиг хэрэглэлүүдийн заримыг сониноор хийчихсэн байдаг учраас ингэж л боддог байж. Зарим макетыг нь авч тоглодог байжээ. Энд ирсэн байхад уйдна гэж байхгүй. Өвөөгийнхөө өгсөн хоолыг идэж, ундааг уучихаад л тоглоно. Тэр үед бага байсан болохоор өвөөтэйгээ өнгөрүүлсөн мөчүүд ийм л дурсамж үлдээж. Гэрт нь ч тоглоно. Ажил дээр нь тоглоно. Одоо бодож байхад “Өвөөгийн ажлын өрөө миний тоглоомын өрөө шиг л байж дээ” гэв. Түүнээс биш тэр үед зураг зурж байснаа санадаггүй гэнэ. Харин сургуульд орсон хойноо хичээл уйтгартай үед дэвтрийнхээ арын хуудсанд зураг зурж багш нартаа загнуулна. Тэгсэн мөртлөө ханы сонин гаргах, гар зургийн уралдаан гэх мэтийн ажил А.Дөлгөөнийх гэсэн “хуваарьтай”.

 

Т.АЯНГЫН “ОНОЛ”

Театрын зураач жүжгийн санааг базаж тайз засал, хувцсаа цогцоор нь хийх ёстой. Үүн дээр нь найруулагч ажиллаж, өөрийнхөө тавилтыг хийнэ. Түүхэн жүжгийн бэлтгэл ажил дор хаяж 2-3 сарын өмнө эхэлдэг юм байна. Бүх эскизээ гаргасны дараа хувцсыг нь оёх оёдолчид, тайзны засал чимэглэл дээр ажиллах мужаан, барималч нар ажлаа гүйцэтгэнэ. Сүүлийн үед техник технологийн дэвшлийг ашиглаж байгаа. 1990-ээд оноос чөлөөт сэтгэлгээ хөгжиж, хүчээ авсан. Тиймээс одоо яаж ондоогоор сэтгэх вэ. Хэн түрүүлж хийх вэ гэдэг өрсөлдөөн явж байна гэх мэтийн овоо хэдэн “онол”-той болов би, өнгөрсөн амралтын өдрүүдэд. Угтаа бол Т.Аянгын “философи” л доо.  

Тэрээр “Харамсалтай нь өнөөдөр манай театрын тоног төхөөрөмж, гэрэл хоцрогджээ. Техник технологи, гэрэл чийдэн, аппаратур зэргээр дэлхийн театруудын бүр ёроолд нь үлдэж байна. Энэ нь соёлын бодлого байхгүйтэй холбоотой. Урлаг хүмүүсээ дагуулж явах ёстой ч үзэгчиддээ тааруулж бүтээгээд байвал соёлын мөхөл болно” гэж сэтгэл зовдог аж. Тиймээс ч энэ алдаагаа засах цаг нь болсон гэж үздэг юм билээ. Хүүхдүүдээ нэгдүгээр анги, бүр цэцэрлэгээс нь задгай тавьж, зураг, хөгжим, бүжгийн хичээлийг оруулах ёстой. Эдгээр нь хүнийг төлөвшүүлдэг. Эдгээр зүйлээр хичээллэсэн хүүхдийн төлөвшилт шал өөр болдог. Манай багш нар биед амраар нь “Томоотой бай, зүгээр суу” гээд л бүгдийг нь хайрцаглачихдаг. Гэтэл өнөөдөр Азид ч бай, Европт ч бай хүүхэд болгон нэг хэг хөгжим дараад сурчихсан байна. Хүүхэд нот мэддэг болно гэдэг чинь дуурь үзээд ойлгоно гэсэн үг. Түүнээс биш өнөөдөр нэгэнт хайрцаглагдчихсан томчуудад үүнийг мянга хэлээд урлагийн өндөр боловсролтой үзэгчид болж чадахгүй. Ингэх ч албагүй. Харин хүүхдүүдээ л анхаарч, хойч үедээ санаа тавих ёстой. Түүнээс манай уран бүтээлчдийн ур чадвар дэлхийн хаана ч гологдохгүй. Манай эцэг эхчүүд хүүхдүүддээ санаа тавихаараа тоо, гадаад хэлний хичээлд л их анхаардаг. Гэтэл энэ нь тухайн хүүхдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг нь чухал. Математиктаа дур сонирхолтой хүүхдэд энэ нь болно байх. Гэтэл бүгд математикч болохгүй шүү дээ. Хамгийн гол нь хүнд хичээлүүдийг тоглоомын аргаар зааж, хичээлүүдийг хооронд нь холбоостой уян хатан заах хэрэгтэй гэх мэтээр бид хоёрын яриа боловсролын салбар руу эрхгүй өнгийгөөтөхөв.    

Тэрээр дэлхийн театрын урлаг, ялангуяа тайз заслын хөгжил, урсгал аль тийшээгээ явж байна вэ гэдгийг байнга ажиглаж болж өгвөл тэндээс хоцрохгүй байх хүсэл эрмэлзлэлтэй явдаг юм байна гэдэг нь ярьж хэлж, санаж төлөвлөж байгаа ажлаас нь анзаарагдаж байлаа. 

Т.Аянга “Өнөөдөр тайзыг засахдаа хүнээр ч хийж болно. Гэрлээр ч тавьж байна. Хээр гадаа, уул хаданд, далайн эрэг дээр, усан дотор ч чөлөөтэй хийж болж байна. Үүнд заавал тийм байх ёстой гэсэн хайрцаг байхгүй. Манайхнаас жүжигчин Т.Баясгалан хадны дунд моно жүжиг тоглосон. Үзэгчид уулын энгэрт бүгдээрээ зулж суугаад үзсэн. Энэ төрлийг манай улсад хийж, хөгжүүлэх боломжтой юм билээ. Бүр элсэн дээр хийсэн ч болно” гэлээ.

Тэрээр юм бүхэнд “эвэр хошуулдаг” хүн огт биш. Гэхдээ театрынхаа төлөө дуугарахгүй байж чадаагүй юм. Тиймээс л “Манай театр өнөөдөр гологдож эхэлж байна. Гадаадын театрууд дүүлж нисэх, тайз нь дээшээ босох, эсвэл доогуур нь хүн гүйж болж байна. Гэтэл өнөөдөр манай улсад ДБЭТ-аас өөр зориулалтын театр алга. Драмын театр анхнаасаа Соёлын ордон маягтай барьсан барилга. Тиймээс олон улсын стандартад нийцэхгүй. Дуурь, балет, драм, моно жүжгийн тавилт ондоо учраас мэргэжлийн театрын тайз заслыг янз бүрээр хийж болохуйц байх ёстой” гэж бодол санаагаа хуваалцав.

Өнөөдөр тайз дэлгэцийн урлагийг шүүмжлэх мэргэжлийн хүн алга. Тиймээс л сэтгүүлчдийн бичсэн сурвалжлага, үзэгчдийн сэт­гэгд­лээр л үнэлж ойлгох гээд байна. Гэтэл урлагаа мэддэг мэргэжлийн хүн цөөхөн байна. Гарын таван хуруунд багтахаар байгаа хэдэн шүүмжлэгч нь хурц хэлж чадахаа байжээ. Энэ нь нийгэмтэйгээ холбоотой. Оновчтой шүүмжлэл хүнд хүрдэг. Оновчгүй шүүмжилж, мянга магтан сайшаагаад хүнд хүрэхгүй шүү дээ гэх мэтээр бодол санаагаа хуваалцаж байлаа, тэрээр.

 

“ӨВӨӨ, ААВ, ХҮҮ ГУРАВ АДИЛХАН”

Тэгснээ гэнэтхэн “Чи одоо баахан юм асуугаад хэрэгтэй, хэрэггүй юм яриулчихлаа” гээд “Санаа зовмоор юм, заримыг нь хасчихаарай” гэж “арын хаалгадах” нь тэр. Нийтлэлийн маань баатар ярихаасаа илүү хийж бүтээж суудаг хүн болохоор тэр биз. Ингээд бид Драмын театраас аавынх нь зарим эскиз, зургийг авч, оёдолчидтой уулзахаар очлоо.

Драмын театрт түүний гэргий М.Пүрэвсүрэн ажилладаг. Драмын театрын Байр, үзвэр үйлчилгээний албаны дарга. Нөхрөөсөө огт өөр характертай юм байна. Гав шав хийсэн, хэлэмгий бүсгүй угтав. Тэдний гэр бүлийнхэн орой 22:00 цагаас хойш л цуглардаг аж. Өглөө босоод тал тал тийшээ ажил төрлөө хөөцөлдөөд явна. Энгийн нэг өдрийн амьдралын хэв маягтаа хэдийнэ дасчээ.

М.Пүрэвсүрэн “Манай хадам аав их цэмцгэр хүн байлаа. Би Драмын театрт анх ажилд орохдоо л зураач хүн мөртлөө ямар цэмцгэр юм бэ гэж боддог байсан. Байнга хар костюм, пиджак өмсдөг. Олон үгтэй биш хэр нь их зарчимч. Яг зургийн ажлаа хийхдээ нил будаг болсон ажлын хувцсаа өмсөнө. Би ерөнхий зураач гээд байлгүй тайзан дээрээ очоод гүйцэтгэх зураач, тайзны ажилчидтай зэрэгцээд л ажиллана. Бүтээлдээ өөрөө ордог хүн байлаа. Өөрөө будгаа найруулж, зургаа зурдаг байв. Хувь заяаны төөргөөр бэр нь болж энэ айлд очсон. Нэг хэсэг бид гурав Төмөр замд хадам аавтайгаа хамт амьдарч байлаа. Гэртээ ч их цэмцгэр хүн байсан. Хоол их гоё хийнэ. Би кэвинз гэдэг хоолонд нь их дуртай. Өглөө эрт босоод хоол хийгээд тавьчихна. Манай том хүү өвөр дээр нь эрхэлсэн дээ” хэмээн хадам аавынхаа тухай дурслаа.

Тэдний бага хүү А.Раднаабазар хичээлдээ явах гэж байгаа бололтой зөрөөд гарав. “Бага хүү чинь зурдаг уу” гэж асуутал ээж нь “Нэлээд авьяастай шүү. Гэхдээ зураач болгохгүй. Гэрээрээ дүүрэн зураачтай байхаар нэгийг нь ч гэсэн арай өөр чиглэлээр явуулах юм шүү” гэж инээд цацлаа. “Еэ, таны үгэнд орох болов уу. Хүүхдүүд ээж аавдаа ч хэлэлгүй СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн байна” гэдэг “проблем” байдаг шүү дээ гэтэл “Миний хүү, ээжийнхээ үгэнд орно байх. Бид хоёр эрдэмтэй л хүн болох хэрэгтэй гэж ярилцдаг” гэв.

Харин ханийнхаа тухай Т.Аянга СУИС-д сурч байхдаа л нөхдийнхөө хамт “Тусгал” группийг байгуулж, захиалгаар тайз заслын ажил хийж эхэлсэн. “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн дүү Лхагвадоржтой гар, сэтгэл нийлж ажилладаг.  Тэд түүнийг Жож гэж дууддаг тухай, хадам аавынх нь гар, бие оролцон хийж байсан Иб Сенийн  “Нора”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг сэргээх тавьсан. Ингэхдээ яг тухайн үеийнхээр нь эскиз, хувцас, хэрэглэлийг нь сэргээсэн. Үүнээс гадна бие дааж “Шар тэнгисийн тарчлаан”, “Хэрээт төгөл”, “Хунгийн дуу” гэх мэт драмын жүжгүүдэд ерөнхий зураачаар ажилласан. “Хунгийн дуу” жүжгээрээ “Гэгээн Муза”-гийн тэргүүн цом хүртсэн. Мөн Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан гээд зөндөө зүйлийг ярилцаж амжив. Хамгийн сонирхолтой нь “Өвөө, аав, хүү гурвуулаа дуугүй. Заримдаа гэртээ ганцаараа яриад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэгж байгаад нэг дуугарахаараа хоолой нь яг адилхан сонсогддог. Утсаар ярихад нь энэ хоёрын дууг заримдаа ялгадаггүй” гэв. Харин бага хүү нь ээжийнхээ характерийг дууриажээ.

Энэ мэтээр бид тэдний гэр бүл, уран бүтээлийн тухай нэлээд ярилцав. Тэрээр “Миний аз жаргал, баяр гуниг бүхэн урлагтай, ялангуяа театртай маань салшгүй холбоотой байдаг. Тиймээс миний гэр шиг л санагддаг. Ээж аав, театрынхаа удирдлагууд, үе үеийн удирдах багт хамтран ажиллаж байсан хүмүүстээ, болон уран бү­тээлчидтэй байнга талар­хаж явдаг. Мөн “On&Off” продакшны захирал С.Ононбатын гэр бүлд бид гэр бүлээрээ талархаж явдаг. Бид уран бү­тээлийн төдийгүй гэр бүлийн найзууд. Бие биенээ дэмжиж, хамтарч ажилладаг” гэлээ. М.Пүрэвсүрэн сүүлийн үед бас л завгүй байгаа аж. Түүний аав СТА Г.Мижиддорж гуай Монгол кино нэгтгэлд насаараа арын албанд зүтгэжээ. Тиймээс байгууллагынх нь ой болох гээд эдний гэр бүлийнхэн ажил ихтэй. Ээж З.Сэрээнэн нь нийтийн хоолны салбарт ажилласан худалдааны тэргүүний ажилтан хүн юм байна.

 

ААВЫН “ШКОЛ”

Соёлын тэргїїний ажилтан Т.Аянга аав Б.Тємєрхуягын хамт.

А.Дөлгөөн одоо “Улаанбаатар” чуулгат дизайнер хийж байна. Аавтайгаа хамтран хэд хэдэн бүтээл хийж амжжээ. Монголын анхны гурав ди кино болох “Сайн, муу, хэрцгий”-д аав Т.Аянга ерөнхий зураачаар, хүү А.Дөлгөөн туслах зураачаар ажилласан байдаг. Мөн хэд хэдэн кинонд “Фантастик” продакшнтай хамтран ажиллажээ. СТА Б.Тамирын багтай гар нийлж ажилладаг юм байна. “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”, “Амингоо” зэрэг киног тэд хамт­ран бүтээсэн юм. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай хамт­ран бүтээсэн “Бид гурвын болзоо” кинонд ерөнхий зу­раачаар ажилласан байдаг.   

Ааваасаа зөвлөгөө авах үе зөндөө бий. Харин нэг “уламжлал” байдаг бололтой. Өөрийнхөө санааг эхэлж танилцуулдаг гэхээр өвөөгийн школ бас аавд нь байдаг бололтой. Өвөөгийн нэр төр, аавын нөмөр уран бүтээлд нь их. Т.Аянгын хүү гэж эхлээд Б.Төмөрхуягын ач гээд л халуун дотно яриа өрнөнө. Энэ удмын эрчүүд бүгдээрээ дуу цөөтэй, даруу хүмүүс. Гэхдээ уран бүтээлдээ өөрийнхөө санаа, хэлэх гэсэн үгээ хэнээр ч заалгахгүйгээр заавал тусгадаг.

Эдний гэр бүлийнхэн найз нөхдөө хүндэлж хайрлана. Б.Төмөрхуяг агсан үзэгчдийн сэтгэл зүр­хэнд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр мөнхөрсөн жүжигчин, найруу­лагч Г.Доржсамбуу агсантай их найз байсан гэнэ. Амьдрал дээр төдийгүй уран бүтээл дээр гар, сэтгэл нийлж ажилладаг байжээ. Харин Т.Аянгын гэр бүл “On&Off” продакшы С.Ононбат, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийгийн гэр бүлтэй их зузаан. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн шиг хүүхдүүд нь болох А.Дөлгөөн, Б.Тамир нар үзэл бодол нийлдэг бололтой хамт­раад ажиллаад эхэлжээ.   Энэ сайхан гэр бүлийнхээ амьдралд нь аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсээд энэ удаагийн “Амьдралын тойрог”-оо өндөрлөе.

Т.Аянгын гэр бїл. Гэргий М.Пїрэвсїрэн, хїї А.Дєлгєєн, А.Раднаабазар.

Т.Аянга Драмын театрт гїйцэтгэх зураачаар ажиллаж байхдаа гэргийтэйгээ танилцжээ. Эсрэг тэсрэг характертай хосууд. Дуу цєєтэй тэрээр бїсгїйгээ єєртєє татах гэж их л “зовсон” байх даа. 

Тїїний хобби.

“Смоки” хамтлагийг Монголд ирэх їеэр.

Г.ГАНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна