Х.Эрдэнэчулуун: 280 мянга гаруй өрх хөнгөлөлтөд хамрагдана

2015 оны 11 сарын 30

Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуунаас цахилгааны шөнийн тарифын талаар тодрууллаа.

-Гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх талаар тодруулна уу?

-Энэ оны эхний гурван улирлын байдлаар эрчим хүчний салбарын алдагдал буурч байгаа учраас гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг урьдчилсан байдлаар тооцоод байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулахаас гадна, шөнийн бага ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж эрчим хүчний систем технологи ажиллагааны хувьд үр ашигтай ажиллахад эерэг нөлөөлөл үзүүлэх үр дүнг бас харгалзан үзэж байгааг тодруулах хэрэгтэй. Үүнээс гадна хэрэглэгчдэд ч ээлтэй шийдвэр гарна. Энэ асуудлыг хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар ойрын хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэнэ.

-Энэ хөнгөлөлтөд хэчнээн айл хамрагдах боломжтой вэ?

-Өнөөдөр гэр хорооллын иргэд шөнийн цагаар хэрэглэсэн нэг кВт цагийн цахилгааныхаа төлбөрт 77.10 төгрөг төлж байгаа. Хэрэв энэ шийдвэр гарвал 50 хувийн хөнгөлөлттэй буюу 38.55 төгрөгөөр эрчим хүч хэрэглэх боломжтой болно. Урьдчилсан тооцоогоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын 280 гаруй мянган айл хамрагдаж, хүйтний улиралд буюу арванхоёрдугаар сар, ирэх оны 1-3 сар хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой. Энэ шийдвэр гарснаар хэрэглэгчдийн халаасанд 5.2 тэрбум төгрөг үлдэх юм.

Р.ОЮУН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна