Байгальд ээлтэй гишүүд тодруулсан гэв үү?

2015 оны 11 сарын 30

Шинэ жил хаяанд ирсэнийг хэлэх үү, сонгууль дөхсөнийг хэлэх үү төрийн бус байгууллагууд улстөрчдийг онилж шилдгээр тодруулдаг ажилдаа оржээ. Салхийг нь “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага хагалж, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганбат, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарыг байгальд ээлтэй түшээгээр тодруулан өнөөдөр өргөмжлөлийг нь гардуулсан байх юм.

Дээрх гишүүд нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд байгаль хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хууль санаачилж, батлуулсан нь дээрх өргөмжлөлийг хүртэх гол шалгуурсан бололтой. Хууль санаачилж, батлуулах нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг. Дээр нь хууль олонхийн дэмжлэгээр батлагддаг. Тийм байтал иймэрхүү даржин шалгуураар байгальд ээлтэй гишүүд тодруулах нь үнэндээ тодорсон хэдийгээ л онигоонд оруулж байна даа. Үлдсэн 72 гишүүн нь байгалийн эсрэг дайснууд юм уу, хаашаа юм.

Удахгүй бусад төрийн бус байгууллагууд нь шилдэг улстөрч, шилдэг эдийн засагчид тодруулж, онигоогоо чирэх биз.

Эдийн засаг нь сульдчихсан, улстөр нь хямарчихсан, парламентад суудалтай намууд нь зөвшилцөөд томоохон асуудлаа шийдэж чадахгүй хөлөө гэдсэндээ хийлцэн байлдаж байхад шалгарсан нь ч ичихгүй очиж өргөмжлөлөө гардах болов уу. Ийм жишгээр улстөрчид өөрсдийгөө олон нийтэд гоё болж харагдуулахыг хичээдэг.

Үнэндээ бол ард түмэн иймэрхүү юманд хууртахаа больчихсон юм ш дээ.

Д.БОРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна