Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ

НИТХ-ын тэргүүлэгчид ирэх сарын 05-ны дотор хотын ирэх оны төсвийг хэлэлцэж, батлах журамтай. Тиймээс НИТХ өнөөдөр нийслэлийн 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэл ирэх оны төсөвт өртгөө 698.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө боловсруулжээ. Үүнээс 570 тэрбум төгрөгийг хот өөрөөсөө бүрдүүлнэ гэж тооцсоноос, 45.8 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Татварын орлогыг жагсаавал цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас 318.8 тэрбум, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 37.6 тэрбум, газар ашиглуулсны төлбөрөөс 89.8 тэрбум, ус ашиглуулсны төлбөр болгож 3.5 тэрбум, хотын албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байна. Харин татварын бус орлого буюу хууль, тогтоомж, журмыг зөрчсөн, биелүүлээгүй нэгнийг торгож, 23 тэрбумын орлого олно. Мөн хотын эзэмшил авто зам, ашигласны төлбөр болгож, 11.5 сая төгрөгийн орлогыг олж, 2016 оны төсөвт төвлөрүүлэх болжээ. НИТХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийг иргэдэд халтай гэж нэрлэлээ. Тэд 2016 оны хотын тэлсэн төсвийг үргүй зардалтай холбон тайлбарлалаа.

Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбар дахь төслүүд зогссоноос олон хүн ажилгүй болсон. Иймээс хот өнгө үзэмждээ анхаарч, тохижилт үйлчилгээ, дахин төлөвлөлтийн салбар дахь ажилтны тоог нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар хангасан. Гэхдээ нийслэлийн ажилгүйдлийг зогсооч чадаагүй, сааруулсан гэж хотын дарга мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын тухайд ирэх онд нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 319 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнээс одоогоор 847 тэрбум төгрөгийн 530 төслийг хэрэгжүүлэх санал ирсэн байна. Өөрөөр хэлбэл хотын 2016 оны төсвийн төслийг НИТХ баталснаар ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болох юм. Ирэх 2016 онд хийгдэх тодорхой зарим нэг ажлаас дурдвал 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний салбар төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулахаар зэхэж байна. Дэд бүтцийн хувьд 0.9 километр дулааны шугам, 2500 гэрэлтүүлгийн ажил, 8.1 километр авто замын шинээр барих бол 5.4 километр авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийж, орон сууцны хороолол дунд 23 километр авто замын ажил гүйцэтгэнэ. Мөн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажилд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Засгийн газраас нийт 320 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Товчхондоо ирэх оны бүтээн байгуулалтууд голдуу гэр хороолол дунд хийгдэх юм.

Ирэх онд төвлөрөх нийт орлогынхоо 200 тэрбум орчим төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал Налайх, Найрамдал чиглэлийн авто замуудыг шинэчлэн барина. Их Монгол, Баянмонгол хороолол дахь гудамж, замыг засварлаж тохижуулна. Мөн Нарантуул захын уулзвар дээгүүр 435 метрийн урттай гүүр, шинээр тавина. Сонсголон, Яармаг чиглэлийн гүүрийг нэмж барин, шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр 09.00 цагт эхэлсэн НИТХ-ын 32 дугаар хуралдаан одоо ч үргэлжилж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж