ХДХВ/ДОХ-ын халдвар тархалт буурч байна

2015 оны 12 сарын 1

Дэлхий дахинд энэ өдөр /арванхоёругаар сарын 1/ ХДХВ/ДОХ буюу Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол өвчинтэй тэмцэхэд дуу хоолойгоо нэгтгэдэг. Манай улсын хувьд энэ өдөр зөвхөн бэлгэвч тарааж, улаан тууз зангидсанаар тэмцлийг хязгаарлах хандлага өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан. Харин сүүлийн үед хүүхэд залууст ХДХВ/ДОХ-ын эсрэг үнэн зөв мэдээлэл хүргэхэд анхаарч ажилласнаар ирээдүй хойч үеийнхэн маань уг өвчний талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа нь сайшаалтай.

10 жилийн өмнөх үеийг бодвол ХДХВ/ДОХ өвчний талаарх хүмүүсийн мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, тэр хэрээрээ “аймшигт тахал” мэт үздэг хандлага өөрчлөгдөж байна. Мөн дархлаа дэмжих болон дагалдах өвчний эсрэг эмчилгээний ачаар халдвартай хүмүүс илүү удаан амьдрах боломжтой болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон олон улсын эмийн корпораци, эрдэмтэд хамтран ХДХВ/ДОХ өвчний эсрэг вакцин, эм гарган авч, эмчилгээний шинэ аргыг олохоор ажиллаж байна.

Өнгөрсөн онд Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын өвчлөлийг бодвол ХДХВ/ДОХ-ын үхлийн аюул харьцангуй бага. Эболагийн халдвар хүний биеийн бүх шингэн болон түүгээр бохирдсон хөрс, ус, эдээр дамжин халдварладаг бол ХДХВ/ДОХ-той хүнтэй гар барих, үнсэлцэхэд халдах магадлал үгүй. Одоогоор Эбола өвчнөөс эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэхээс өөр эм бэлдмэл, вакцин хараахан гараагүй байна.

Монгол Улс нь ХДХВ/ДОХ-ын тархалт багатай боловч эрсдэл өндөртэй оронд тооцогддог. Монгол Улсын хэмжээнд өвчний тархалт 2011 онд 0.1 хувьтай байжээ. Халдварын анхны тохиолдол Монголд 1992 онд илэрснээс хойш 23 жилийн хугацаанд буюу 2015 оны 6 сарын 30-ны байдлаар 187 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 154 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 хүн ДОХ-ын шатанд шилжсэн үедээ оношлогдсон байна. Тэднээс 26 хүн нас барж, 142 хүн ретровирусын эсрэг эмчилгээнд ороод байгаа аж. Монголд 772 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэж тооцоо судалгаа байна.

ХДХВ/ДОХ өвчин дэлхийд анх 1981 онд илэрснээс хойш 34 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ДОХ-ын улмаас 39 сая хүн нас барж, 36.9 сая хүн халдвартай амьдарч байна. Үүнээс 14.9 сая нь одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Гэвч цаана нь дахиад ийм тооны хүнд эмчилгээ шаардлагатай.

Сүүлийн 15 жилд дэлхий нийтээр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд бага, дунд орлоготой 25 оронд шинэ тохиолдол 50% хүртэл буурчээ. Хамгийн их тархалттай өмнөд Сахар, Африкийн орнуудад ДОХ-ын улмаас нас баралт 1/3-ээр буурсан байна.

Гэвч долоон орны хар тамхи хэрэглэгчдийн дунд халдварын тархалт 25% хүртэл нэмэгдсэний дотор манай хоёр хөрш болон АНУ багтаж байна. Хятадад хагас сая, Орост сая орчим хүн ХДХВ-ийн халдвартай байна. Ялангуяа Монголтой шууд хил залгаа Шиньжан, Буриад халдварын тархалтаараа улсдаа тэргүүлж байна гэж зарим судлаач дурджээ.

Өдгөө дэлхий дахинаа ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол болон ДОХ-оос үүдэлтэй нас баралт, ялгаварлан гадуурхлыг тэглэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Улмаар 2025 он гэхэд ХДХВ, ДОХ-ын тархалтыг бүрэн зогсоохыг зорьжээ.

ХДХВ/ДОХ халдвартай жирэмсэн эхэд эмийн эмчилгээ хийсний  ачаар 73 хувьд нь урагт халдварлахаас сэргийлж чаджээ. Үүний ачаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд уг өвчний халдвар хүүхдүүдийн дунд 58 хувиар буурсан байна. Өдгөө дэлхий дээр 220 мянга орчим хүүхэд халдвар тээн амьдарч байгаа аж.

ДЭМБ 2013 онд Хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлийг эрт үед нь анагаах шинэ эмийг гаргаж авснаа мэдэгдсэн юм. Уг эм нь ХДХВ биед тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон аж.

2000 оноос хойш ХДХВ-ын халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 35 хувиар буурсан байна. Мөн 2004 оноос хойш ДОХ-оос хамааралтай өвчнөөр нас барагсдын тоо 42 хувиар буурчээ.

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна