Хос хэнгэрэг

2015 оны 12 сарын 1

Нэг тийм инээмсэглэл. Харц тулгаралт. Айлгүйхэн, бас аюултай, таашгүй атлаа энгийн сүлэлдэн ууссан ахуй. Өмнөөс минь инээн зогсох тэрхүү жоготой инээмсэглэлийн гарт юу юугүй зад тавих нүргэлсэн их аянгыг санагдуулах мэт хэнгэрэг. Хаанаас ирснийг, хаашаа явааг сануулах хөгжим, хөг эгшиг.  

Аниргүй. Аниргүйг хэзээ мөдгүй эвдэн нүргэлэх аадрын аянга, тэнгэрийн гэсгээлийг бидэнд эелдгээр сануулах шиг тийм торгон сэтгэмж. Эргэх цаг. Он тоолол. Одоо хийгээд өнгөрсөн. Өнгөрснөө үгүйсгэж, эдийг шүтэж, техникт дөрлүүлсэн энэ цаг. Цаашаа илүү ихээр түүндээ дөнгөлүүлэхэд бэлэн бидний ирээдүй. Оршихуйн үндэс, хүн байгалийн хүйн холбоог ухааруулан сануулах шоолонгуй жоготой инээмсэглэл. Дахиад л нүд. Цавчихгүй, эрээ цээргүй үл цавчин цоо ширтэх арга билгийн хоёр загас. Сэрж, мэдрэхийг сэнхрүүлэх гэсэн шиг хаашаа л харна, харц. Чихээ тагласан ч үл намжин эгшиг, аялгуу...

Хачин гунигтай, тэгснээ ихэмсэг, элдэг наалинхай, ичимхий дальдарсан, хөнгөн инээмсэглэсэн, хэнэггүй мушийсан, гайхсан. Гунигласан, бодлогоширсон, бодсон, ер таашгүй, юуг ч бодоогүй, зүгээр л ширтсэн... Хачин жигтэй характер бүхнийг илтгэх тэр харц. Юу ч үл хэлэх хэрнээ ер бусын айзам эгшигтэй тэднээс сонсогдоно.  

Хөгжим. Хүнийг уйлуулж, дуулуулж, бачимдуулан хөг дан алдуулах адармаатай аялгуу. Амьдралын эрээн барааныг нүднээ сийлэх мэт шүлэглэж, оюун бодлыг аялгуу эгшгээрээ шууд эзэгнэх, төгс төгөлдөр хослол гэж энэ үү?!

Бүсгүй, тэгээд хөгжим. Энэ хоёр юуны тулд хорвоог уяраан бас уурлуулж, эвлэрүүлж, эргээд дайсагнуулж, хүний амьдралыг чиг баримжаа, хүрэхүйн утга учир болно вэ?

Арнольд Холтэйн хэлсэнчилэн,

-Эрчүүдийн хэдэн ч удаа сургамжлаад ойлгуулж чадахгүй юмыг бүсгүй хүний нэгхэн санаа алдалт ойлгуулж чаддаг нь ямар гайхамшигт ая дантай болохоор тэр вэ?

Тэдний тухай дуу юуны учир уян зөөлөн, намуухан атлаа яруу тансаг байдаг юм. Маш өндөрт, хамгаас намд, бүр үл сонгогдох чичирхийлсэн бүсгүйн авай энэ ертөнцөд буухдаа эгнэшгүй эгшиг болж, тоймгүй олон янзын нугалаа гаргах тусгалаа олох нь оюун ухаан булингартуулах мэт. Зарим нь нэг л торгон цохилготой өндөр хавцлаас их усан хүрхрээ болон хүрхрэн бууж байгаатай адил сонсогдох бол эсрэгээрээ өөр нэг нь ертөнцийн буйд газраас ер бусын сайхан хөгжим тоглох шиг. Тэгсэн хэр нь дараагийн эгшинд намуухан атлаа уртаас урт үргэлжлэх айзам эгшиг ч сонсогдох аж.

Үнэхээр гайхалтай. Эмэгтэй хүн гэгч  ийм л эгэл бус “бүтээлтэй” учраас энэ хорвоо дуутай хөгжимтэй, дурлах сэтгэл, хайрлах зүрхтэй, харах нүд, сонсох чихтэй болсон мэт.  

Тоглох хөгжим  яагаад авиа, эгшиг, бүтэц чавхдас буй болоод тэр юм бэ? Ямар ч үг хэрэглэхгүй хэрнээ яагаад хөгжим тэд шиг хүн төрөлхтнийг сөхрүүлдэг юм бол оо.

Хамгаас хүчтэй хаан, бурхдын бурхан Будда юуны учир тэдний өмнө сөхөрсөн хэрэг вэ?

Дур булаам ч хосгүй үзэсгэлэн хангалтгүй байдгийн учир хөгжилтэй яриа, эрхлэнгүй, тачаангуй өнгө аяс, цовоо цойлгон инээдгүй бол хөг нь таараагүй хөгжим шиг чихэнд чийртэй биш сэн бил үү?

Яагаад инээмсэглэж буй нүд хамгийн үзэсгэлэнтэй, яагаад бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн сонсголтой агаад дур булаам билээ. Эгшиг авиа, эмэгтэй хүн... Энэ хоёр л эрчүүдийг эзэмдэж, басхүү уярааж, ухааруулж, уйлуулж, арчаагүй архичин, аугаа удирдагч болгодог бурхан, чөтгөрөөс ч илүү ид шидтэн, бас мунхгийн харанхуй ангал руу илгээнэ.

...Ийм л нэгэн хүний амьдралын хөг эгшгийг эргэцүүл гэсэн мэт гэрэл сүүдрийн ертөнц Үндэсний музей бүрэлджээ.

“Үзэсгэлэнт бүсгүйчүүдээс илүү даруухан бүсгүйчүүд эрчүүдийн талаар сайн мэддэг” гэж Оскарын шагналд 12 удаа нэр дэвшсэн алдарт жүжигчин Кетрин Хепбэрн нэгэнтэй хүлээн дуу алджээ. Түүнтэй сэтгүүлч, зурагчин Пүрвээгийн Баттулга санал нэг буй нь өөрийнх нь гаргасан үзэсгэлэнгээс нь илт.

Кино болгонд жүжигчин гэхээсээ илүүтэй гадаад төрх, гоо үзэсгэлэнгээр нь “загварынхныг” сонгодог жишиг тогтоод удаж буй дор тэднээс тэс өөр хэр нь гүн гүнзгий утга санааг агуулсан “Хос эгшиг” үзэсгэлэнгээ тэрээр нээжээ.

Яагаад “Хос эгшиг” гэж гэвэл “Энэ үзэсгэлэнд тавьсан бүтээлийн 50 хувьд нь хөгжимчид оролцсон. Харин үлдсэн тал хувьд нь энгийн бүсгүйчүүд Монголын үндэсний хөгжимтэй авахуулсан зураг бий” гэж даруухан хариулсан тэрээр том алаг нүдээ эргэлдүүлэн, хөмсгөө атируулан байж “Сайхан хүүхэн хэрхэн сайхан харагдахыг үзүүлэх гээгүй юм аа. Ерөөсөө эмэгтэй хүн бүр өөр өөрсдийн эгшигтэй. Тэдний эгшиг хөгжмийн эгшигтэй хэрхэн зохицож чадах вэ. Түүгээр юуг бодож, юуг илэрхийлж болох вэ. Эгшигтэй юм бол хөгжимтэй хэрхэн зохицох вэ. Эмэгтэй хүн өөрөө хөгжим биш гэж үү” хэмээн тэр учирласан.

Түүний хэлсэн шиг үнэхээр эмэгтэй хүн, хөгжим хоёр сонгодог хослол. байж зүрхийг шархлуулж, түүнийг сэдрээхдээ аль аль нь гарамгай. Бас түүнийг эдгээхдээ ч гарамгай зэмсэг.

Тиймээс л бүдүүн бараг эр хүнийг тэд зөөллөх ёстой. Тун нь хэтэрвэл сул дорой, нялцгай болгоно. Ор тас орхивол байснаасаа ч илүү цэвдэг сэтгэлтэн болгох...

“Монголын үндэсний хөгжим мөхөж сөнөхдөө тулаад, орхигдож, арчигдах гээд байгаа гэсэн утгаар ийм сэдвийг сонгоогүй гэдгээ онцлон хэлье... Ардын урлагийн цөөн биш хамтлаг гадаад, дотоодгүй тоглолтоо тавьж, урлагийн тайз эгшиглэнтэй дүүрэн, суудал хоосонгүй байхад “мөхөл, буурал” ярих хэрэггүй. Гэхдээ үзэгчдийн суудалд бид биш гадныхан түлхүү тухалдгийг санахад илүүдэхгүй” гэдгээр П.Баттулга яагаад сонгодог бус үндэсний хөгжмийг сонгож авсныг тайлбарлалаа.

Үндэсний хөгжим гэдэгт бидний дийлэнх маань морин хуур, хэнгэрэг, цуур, ятга, бишгүүр төдийхнөөр төсөөлдөг. Тэгвэл түүний энэхүү үзэсгэлэнд лавтайяа 27 орчим хөгжмийн зэмсэг, бүсгүйчүүдийн эгшигтэй хөг дан нийлүүлжээ. Дээр нь энэхүү үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлээрээ хөгжмийн зэмсгийн үүсэл гарах, утга учир, хөг эшгийн талаар судалгаачийн гэмээр тайлбартайгаар гаргасан нь талархууштай.

Уламжлалт үзэсгэлэнгийн хэв маягийг эвдэж өнгөрснийг өнөөдөртэй эвсэлдүүлж, ирээдүйд эгшиглүүлэн гэсэн түүний “эгшиг” хэнгэрэг болон Үндэсний музейд хэдхэн өдөр дэлдэх гэнэ.

Дуу муутай , муу дуутай хүн. Дуу сайтай хэн. Хайрлаж чадвал хамгаас сайхан уянгалах эгшиг. Хайхрахгүй бол хөгөө алдах хөгжмийн зэмсэг.  

Бүсгүй дээр зэмсэг нэмээд Хос эгшиг тэнцүү.., Бүтэн орчлон...

            Л.НАРАНТӨГС

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна