Ч.Ганхуягийн баг туршлага хуримтлуулжээ

2015 оны 12 сарын 1

Төрийн ордны зүүн талд байрлах хуучнаар “Улаанбаатар таймс”  сонины хэвлэх үйлдвэрийг өчигдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй дуудлага худалдаа явуулж, 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэх иргэн худалдан авсан. Уг нь цахим ертөнцөд хэвлэх үйлдвэрийн газрыг хөрөнгө босгож худалдаж авах саналыг “Хас”-ын Ч.Ганхуяг дэвшүүлж, хөрөнгө босгох ажлыг эхлүүлээд байсан. Тодруулбал 1000 залуус нэгдэж нэг хүн нэг сая төгрөг цуглуулж тухайн газрыг авах боломжтой гэж үзсэн ч 7 тэрбумаас 24 тэрбум төгрөг хүртэл өссөн газрын дуудлага худалдаанд залуусын нэгдэл орж чадсангүй. Энэ үйлдлээ Ч.Ганхуяг тайлбарлахдаа “Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байгааг дуулгая. Та бүхний итгэл, зүтгэлийг харж би хагартлаа баярласан гэдгийг нуух юун. Баярлалаа, сайхан сэтгэлтэй Монгол ахан дүүстээ. Би цаашдаа ч та бүхний итгэлийг дааж ажиллаж, амьдрахыг хичээж ажиллах болно” гэжээ. Мөн  энэ удаагийн үйл явдал маш богино хугацаанд өрнөж өнгөрлөө. Өнгөрсөн Пүрэв гаригийн үд дундаас эхэлсэн ажил гэхэд бид энэ улсын өмч хувьчлалын түүхэнд гарч байгаагүй далайцтай хэлэлцүүлэг өрнүүлж, интернет орчны харилцааны хэрэгсэл болох Фэйсбүүкийн хэрэглэгчдийн анхаарлыг хандаж байгаагүй зүгт чиглүүлэн нэг шугамд жагсаж чадлаа. Би та бүгдээрээ үнэн сэтгэлээсээ бахарлаа. Бид бүгдээрээ бахархсан байх гэж бодож байна. Бидний энэ хоёр гурван өдрийн ажлын үр дүнгээр Марк Зукербэрг, Уоррэн Баффет ч бахархахаар байсан шүү, залуусаа гэж тодотгосон байна.

Анх удаа олны санаачлагаар хувьчлалд оролцож болно гэдгийг нотолсон, судалсан үйл явдал боллоо гэж Ч.Ганхуяг өөрийн үйлдлээ зөвтгөжээ. Мөн “Хувьчлалыг илүү нээлттэй, олны оролцоотой зөв явуулж болох юм гэдгийг олон түмэн, бидний өмнөөс төрийн өмчийг захиран зарцуулж байгаа түшээдэд ч ойлгуулж чадлаа. Аль аль талдаа жоохон сэтгэл л гаргах ёстой байдаг юм байна. Хоёрт, Фэйсбүүк болон бусад сошиал медиа бидний амьдралд зөвхөн цаг нөхцөөх, мэдээлэл хуваалцах, улстөржих хэрэгсэл байхаас гадна биднийг нэг цулгай улс үндэстэн гэдгийг ухааруулж чаддаг, бид өөрсдөө хувь заяаныхаа эзэн нь гэдгийг ойлгууллаа. Мөн Фэйсбүүкийн түүхэнд анх удаа бид хувьчлалыг хамтдаа явуулах гэж оролдлоо. Дараачийн удаа Фэйсбүүкээр олныг хамруулсан ямарч бизнесийг хамтдаа хийх бүрэн боломжтойг нотолж чадлаа” гэж  тэрбээр мэдэгджээ.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна