Монгол Азийн бүсийг даргална

2015 оны 12 сарын 1

Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтийн эсрэг улс орон, лидер бүр байр сууриа илэрхийлэн санал санаачилгыг дэвшүүлэн тавьж байна. Олон улсын төмөр замуудын холбооноос автомашины тоог цөөлөн хүлэмжийн хийг багасгах талаар зорилтот ажлыг эхлүүлсэн билээ. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 хэмээр нэмэгдсэн. Үүний улмаас далайн усны түвшин, цаг уурын гоц үзэгдэл ихэсч хур тунадасны хэмжээ ч өөрчлөгдлөө. Энэ байдал хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2020 онд дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарч экологийн тэнцвэр алдагдан гамшгийн хэмжээнд хүрнэ гэж нэрт эрдэмтэн Кейти Уолтер батлаад байна. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах юм.

Олон улсын төмөр замуудын холбооноос автомашины хэрэглээг хязгаарлах саналыг гаргахдаа Ази-Европыг холбосон галт тэрэгний шинэ аюулгүй чиглэлийг бий болгоод байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын ерөнхий ассамблейгаар анхны Евроазийн галт тэрэг Бээжингээс Парис аялан амжилттай ирсэнийг танилцууллаа. Энэхүү аялалын анхны Монгол баатрууд бол “УБТЗ” ХНН-ийн ажилтан Байгал ба Риймаа нар юм.

Анхны аяллын багт амжилт хүсэн УБТЗ ХНН-ийн замын орлогч дарга Л.Даваапил хүндэтгэл үзүүллээ

Ази-Европыг холбосон энэхүү аяллаар төмөр зам бол хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэдгийг батлан харуулах зорилготой юм. Учир нь жилд авто ослоор  30 мянган хүн амиа алдаж байгаа тул зорчих урсгалыг аюулгүй болговол мөн тооны хүний амийг аврах боломж байна. Автомашины тоог цөөлж дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд хүчтэй нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийг багасгах боломж төмөр замын тээвэрт бий. Энэхүү аюулгүй болоод эрчим хүчний хэмнэлтийн талаар өчигдөр Парис хотноо Олон улсын төмөр замын холбооны Ерөнхий ассамблей хэлэлцсэн.  Түүнчлэн өчигдөр дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн улс орнуудын тэргүүн нар чуулж манай улсыг төлөөлөн ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ оролцсон юм.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын дарга Л.Пүрэвбаатар олон улсын энэхүү уриалгад нэгдэн гол замаа цахилгаанжуулах, хот дүүргийн галт тэрэг бий болгож авто хөдөлгөөнийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар шийдсэнээ албан ёсоор зарлалаа. Аюулгүй байдал гэдэг бол хүн төрөлхтөний энэ тэргүүний хэрэгцээ билээ.

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар Олон Улсын төмөр замуудын холбооны Ерөнхий ассамблейн хуралд тэргүүлэгчээр оролцож байна.

Монголын Улсын 77 жилийн түүхтэй төмөр замын сүлжээ, 66 жилийн түүхтэй УБТЗ-ын бүс нутаг, олон улсын тавцанд эзлэх байр суурь нэмэгдэн 2015 оны 12-р сарын 1-нд Олон улсын төмөр замуудын холбооны Азийн бүсийг даргалахаар болж байна. Харин ОХУ Олон улсын төмөр замуудын холбооны даргын сонгуульд яллаа.   

Олон улсын төмөр замуудын холбоо нь 1922 онд байгуулагдсан Франц улсын Парис хотноо төвтэй, дэлхий даяар нийт 240 гаруй гишүүн байгууллагатай төмөр замын хамгийн том байгууллага юм. Тус холбоонд дэлхийн таван тивийн төмөр замын байгууллагууд, төмөр зам, тээврийн судалгааны хүрээлэнгүүд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд эдгээр гишүүн байгууллагуудаас 70 идэвхтэй гишүүн 80 гаруй холбооны гишүүн, 70 гаруй байгууллага харьяалал бүхий гишүүн гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хувьд анх 2011 онд тус холбоонд “Холбооны гишүүн” статустайгаар элсэн орсон юм. Харин 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн Ази-номхон далайн бүс нутгийн дэд даргаар сонгогдон ажиллаж мөн тухайн үеэс эхлэн “Идэвхтэй гишүүн” болон статусаа дээшлүүлж ажиллаж байна. 2014 оны аравдугаар сард бүс нутгийн дэд даргаар улиран сонгогджээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна