Нийслэл 2016 оны төсвөө хэлэлцэн баталлаа

2015 оны 12 сарын 1

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан болж, хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг биелүүлэх,  төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлуудыг бууруулах үндсэн бодлого, чиглэлийн дагуу 2016 оны төсвийн төслийг боловсруулсан байна.

Нийслэл 2016 онд хотын шуудын орлого нь 564,8 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө нь 134,1 тэрбум нийт орлогын төлөвлөгөө нь 698,9 тэрбум төгрөг байхаар батлав. Харин нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагыг 578,2 тэрбум төгрөг орчим байхаар баталлаа.
2016 оны хувьд нийгмийн халамжийн зардал 101,2 тэрбум, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зардалд 53,1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тариф олгох зарлалд 43,6 тэрбум, нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд 57,3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3,6 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх зардалд 1,9 тэрбум зарцуулахаар тооцсон байна.

Энэ жилийн хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа ч тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулан 5,4 тэрбум орчим төгрөгийг зарцуулах юм. Энэ нь бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 4 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1,0 тэрбум төгрөг байх юм. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 15 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон  түр ажлын байраар хангаж зуучлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд, хороодоос гаргасан саналуудыг хэлэлцэн зарим зардлыг хэмнэж, өөр урсгал зүйлд зарцуулах санал гаргасан.

Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн номын санг шинэчлэх, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Утасгүй интернэт” төсөл хэрэгжүүлэх, цагдаагийн албан хаагчдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах, техник багаж хэрэгслийг шинэчлэх, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн төлөөлөгчдийн олонхи нь дэмжив.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна