Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

2015 оны 12 сарын 1

 

Цэргийн алба хаагчид маань эх орныхоо төлөө, өргөсөн тангарагынхаа төлөө хичээж зүтгэдэгийг монголчууд бид сайн мэднэ. Гэвч их ажлын ард гэр бүлийн ая тухтай орчинд амьдрах, хувийн орон сууцтай болох нөхцөл нь хязгаарлагдмал байх нь нууц биш. Иймээс Батлан хамгаалахын сайдын зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор хэд, хэдэн чиглэлийг барьж байна. Үүний нэг нь ашиглалтад оролгүй удсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг цэрэг эрсийнхээ хүч чармайлтаар богино хугацаанд барьж гүйцэтгэж дуусгаж байгаа явдал юм. Тодруулбал, цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц өчигдөр ашиглалтад орлоо. 300 өрх айлын цаана 1500 гаруй хүний амьдрах орчин, нөхцөлийг Батлан хамгаалах салбарын удирдлагууд шийдэж буй таатай мэдээг энд онцлоё.

 

АЛБА ХААГЧДАА ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

 

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон дэслэгч генерал Ц.Бямбажав нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, орон сууцанд орж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцов. Ёслолын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ "2011 оноос эхэлсэн орон сууцаа бид хүлээж авч байна. Энэ хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулахаар идэвхийлэн ажилласан албан байгууллага, мэргэжилтэн, хувь хүмүүс болон цэрэг эрсдээ талархалаа илэрхийлэх нь зүйтэй. Ялангуяа, өвлийн хатуу ширүүн нөхцөлд манай барилга, инженерийн цэрэг эрс маань хичээл зүтгэл гарган ажиллалаа. Цаашдаа салбарынхаа хэмжээнд албан тушаалын орон сууцыг олшруулах, ялангуяа орон нутагт нэмэгдүүлэх, нийслэлд хувийн орон сууцтай болох нөхцлийг нь бүрдүүлэх бодлого баримталж байна. Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр алба хаагчдаа орон сууцтай болгохын тулд тодорхой банкуудтай хамтарч орон сууцны хуримтлал бий болгож, улмаар алба хаагчдынхаа өмнөөс баталгаа гаргаж, урт хугацааны зээлд хамрагдах боломжид нь туслах дүрэм журам гаргасан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхийлэн ажиллаж байна. Нөгөө талаас алба хаагчдаа хувийн орон сууцтай болгох хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ашиглалтад орж буй 300 айлын орон сууцыг хувьчлах, хувийн өмчид шилжүүлэхээр дүрэм журам, эрх зүйн орчныг нь сайжруулж ажиллана гэж бодож байна. Ийнхүү шинэхэн байрандаа орж буй цэргийн алба хаагчид та бүхнийхээ амьдралд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон дэслэгч генерал Ц.Бямбажав нар орон сууцанд орж буй цэргийн алба хаагчдад түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Энэхүү 300 айлын орон сууцанд батлан хамгаалах салбартаа олон жил ажиллаж байгаа, орон сууцтай болох хүсэлт өргөдөл гаргасан, албан үүрэгтээ амжилттай ажиллаж байгаа цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа юм. Орон сууцанд орж байгаа хоёр өрхийн тэргүүний сэтгэгдлээс хуваалцахад ийн ярив.

 

 

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД БАЯРЛАЛАА

 

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батням "Өнөөдөр байрандаа орж байгаадаа манай гэр бүлийнхэн баяртай байна. Батлан хамгаалах яамныхан маань цэргийн алба хаагчдынхаа анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг богино хугацаанд шийдэж өгч байгаа талархаж байна. Ялангуяа, олон жил сунжирсан энэхүү барилгыг ухаалаг шийдвэр гаргаж богино хугацаанд ашиглалтад оруулж байна шүү дээ. Байнгын бэлэн байх үүрэгтэй цэргийн алба хаагчид бидэнд ар гэрийнхнээ ая тухтай, амар тайван нөхцөлд үлдээх болж байгаа нь сайхан хэрэг" гэсэн юм. Албаныхан хурандаа Б.Батнямын гэрт орсоноос гадна Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Энхбаярынд зочилсон. Ахлах дэслэгч Э.Энхбаяр нь залуу гэр бүл бөгөөд түүний эхнэр Д.Саруул ч мөн адил цэргийн алба хаагч ажээ. Залуу хосын аав, ээж мөн адил цэргийнхэн. Э.Энхбаяр энэхүү байранд ортлоо түрээсийн байранд амьдарч байсан бол өнөөдөр өөрийн гэсэн орон сууцтай болсондоо талархаж буйгаа салбарынхаа удирдлагуудад илэрхийлж байсан. Э.Энхбаярын хувьд ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд оролцож явсан Зэвсэгт хүчний бахархал болсон залуусын нэг ажээ.

 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУД БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАВ

 

Дашрамд сонирхуулахад, цэргийн алба хаагчдийн 300 айлын орон сууцны барилгын ажыг “ХӨМОТЭ” ХХК 2011 онд эхэлсэн ба 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд ороод байсан.

 

Улмаар барилга гүйцэтгэгч “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн болон ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу энэхүү орон сууцанд орохоор хуваарилагдсан 300 айлын эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл бололцоог сайжруулах үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын шийдвэрээр манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд барилгын үлдэгдэл 30 хувийн гүйцэтгэлийг гурав хүрэхгүй сарын дотор хийж гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг Зэвсэгт хүчний гурван ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийлсэн 250 гаруй залуус маань дөрвөн блок орон сууцны барилгын дотор иж бүрэн засал, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн албан хаагчид нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 120 метр шороон далан бэхжүүлэх ажил, 144 метр урт явган хүний замын ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

 

Ийнхүү олны хүч оломгүй далай гэдэгчлэн цэрэг эрсийнхээ уйгагүй хүч хөдөлмөрийн үр ашгаар цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц ашиглалтад оров. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 онд цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах талаар багагүй ажил хийгдээд байна. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Баянзүрх дүүрэгт цэргийн албан тушаалын 63 айлын орон сууц ашиглалтад орсон бол 300 айлын орон сууцаар бүл ийн нэмж байна.

 

Д.БОЛОРМАА