Гурван долоо хоногт 5500 хүн хуримтлал үүсгэжээ

2015 оны 12 сарын 1

Компанийн манлайлал гэж юу вэ? Лидер гэж хэн бэ? Эдгээр асуултын хариултыг олохоор 400 гаруй залуус өнгөрсөн баасан гарагт нэг дор цуглав. Тэд сайн дурын үндсэн дээр нэгдсэн болохыг  “Фэйсбүүк”-т тавьсан нэгэн үйл явдлын зар илтгэнэ.

Зарын гарчиг нь миний нийтлэлийн эхний өгүүлбэр байжээ. Өөрөөр хэлбэл, бид амжилтад дуртай, харин түүндээ хэрхэн хүрэхийг тэр болгон мэддэггүй аж. Тиймээс “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг залууст эдгээр асуултын хариуг олоход тусалсан юм. "Форбес" сэтгүүлээс лидер хүний үндсэн таван чанарыг өөртөө итгэлтэй, шударга, бусдыг араасаа дагуулдаг, бүтээлч, эерэг хэмээн дурджээ.

Гэхдээ энэ бол зөвхөн нүдэнд харагдах шинж чанар аж. Харин лидер хүний мөн чанарыг тэрбээр “хариуцлага” гэх ганцхан үгээр тодорхойлов. Учир нь, тухайн компани, хувь хүний нийгмийн хариуцлага тодорхойлдог байна. Тухайлбал, Бразил төдийгүй дэлхийд тэргүүлэгч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Danone” компани хүүхдүүдийн дунд витамины дутагдал өндөр байгааг судалж, хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүнийхээ найрлагад ордог элсэн чихрийг багасгаж, оронд нь шаардлагатай амин дэмийг нэмж өгчээ. Энэ нь санаанд оромгүй амжилтыг дагуулж, асар их орлого, үүндээ дүйцэх нэр хүндийг авчирсан.

Энэ жишээ нь компаниуд зөвхөн орлогын төлөө улайрахдаа бус, аливаа зүйлд хариуцлагатай хандсанаар манлайлагч байж  чаддагийг нотолж буй хэрэг. Мөн үүнийг олж харж, бодит ажил хэрэг болгосон тохиолдолд тэр хүн жинхэнэ лидер аж. Энэ мэт нийтийн тусын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээ нь салбартаа төдийгүй, улс орон, ард иргэдэд үр өгөөжөө өгдөг байна. Тэгэхээр бизнес хийнэ гэдэг бол хэрэглэгчдэд хэрэггүй эдийн гоё сурталчилгаа ашиглан тулгахыг бус бодит үр өгөөжөө өгсөн бараа бүтээгдэхүүнийг шаардлагатай хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэх аж.

Манай улсын хувьд гурван сая гаруй хүнтэй, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, газрын хэвлийдээ асар их хэмжээний баялагтай ч хөгжлийн үзүүлэлтээр сүүлийн байруудад жагсаж ирэв. Тиймээс “Голомт” банкны хамт олон эдийн засгийн хөгжлөөр дэлхийн жишгээс хэт хойгуур гишгэж буй Монгол Улсад тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхээр нэг хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэр нь “Үндэсний хуримтлал” бөгөөд манай улсад газар аваад буй баян хоосны ялгааг арилгах нь тэдний гол зорилго.

Өнөөдөр Монгол Улсын хадгаламж эзэмшигчдийн ердөө ганцхан хувь нь нийт хадгаламжийн 62 хувийг эзэмшиж буй нь баян ядуугийн ялгаа хол зөрүүтэй болсныг илтгэнэ. Мөн манай улсын 820 мянган өрхийн 760 мянга нь огт хуримтлалгүй гэсэн статистик мэдээ ч бий. Хэрэв гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болно.

Ингэснээр эдийн засаг яаж ч хямарсан иргэд санхүүгийн баталгаатай, улс орны эдийн засаг хүчирхэгжнэ гэдгийг Ө.Ганзориг онцоллоо. Иймд “Үндэсний хуримтлал”-тай Монгол Улс болохын төлөө компаниуд нэгдэж, өөрийн албан хаагч бүрт хуримтлалын ач холбогдлын тухай таниулснаар монгол хүн бүр хуримтлалтай, компаниудын үйл ажиллагаа тогтвортой, улсын эдийн засаг дархлаатай болно. Мэдээж, өөрийгөө хөрөнгөжүүлэх замаар Монголын үндэстний хуримтлалд нэмэрлэх нь хувь хүний хариуцлага ч байж болох. Тус банкныхан “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гурван долоо хоногийн хугацаанд  5500 гаруй хүн хуримтлалын бүтээгдэхүүний хэрэглэгч болжээ. Улмаар 2020 он гэхэд 250 мянган монгол хүнийг хуримтлалтай болгоно гэдэгт итгэлтэй байгаа аж. Учир нь, тэдний санаачилсан хуримтлалын бүтээгдэхүүн жилийн эцэст 20 хувьтай тэнцэх урамшууллыг олгох юм байна.  Арга хэмжээний үеэр цугласан залуусын сэтгэгдлийг сонслоо.

Х.Алтанцэцэг (Хувиараа бизнес эрхлэгч) 

-Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдье гэж шийдлээ. Би хоёр  охинтой, өрх толгойлсон эмэгтэй. Одоохондоо жижигхэн бизнесийнхээ буянаар болоод л байна. Харин ирээдүй хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс хоёр охиныхоо ирээдүйд эх хүний хувиар санаа зовниж явдаг. “Голомт” банкны санал болгож буй хуримтлалын бүтээгдэхүүнийг охиддоо зориулах бодол байна. Ирээдүйд дунд сургууль, цэцэрлэгт явж байгаа охидынхоо дээд сургуулийн төлбөр, орон байрны зардалд толгой өвтгөмөөргүй байна. Тэд өсөж том болсон хойноо адаглаад банкинд очиж зээл гуйх шаардлагагүй болно шүү дээ.

Б.Зоригт (МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан)

-Би хичээлийнхээ хажуугаар зоогийн газарт зөөгч хийдэг. Цалингаа аваад нэг л мэдэхэд үрчихдэг. Тиймээс цалингаа авсан даруйдаа хуримтлалдаа багахан нэмэрлээд, үлдсэнийг нь хэрэглэх нь зөв юм байна. Хэрэв ийм байдлаар мөнгөө хуримтлуулаад сурчихвал өөрийнхөө ирээдүйд итгэл төрнө. Улмаар эх орныхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулах боломж харагдаж байна. Өнөөдрийн лекцээр корпорациуд ч үндэсний хуримтлалтай болохд нь ажилтан албан хаагчдаа манлайлах нь зүйтэй юм болов уу гэж бодлоо.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна