Өнөөдрөөс цахилгааны үнийг хөнгөллөө

2015 оны 12 сарын 1

Засгийн газрын хуралдаан даваа гаригт болсон. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өглөө.


Цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд “Шийдлийн цаг” уулзалтаар Эрчим хүчний сайд  Д.Зоригт болон Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаад, тодорхой үүрэг өгсөн байна. Өмнө нь эрчим хүчний систем 80 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд энэ салбарт хийсэн ажлын үр дүн, өргөтгөлөөс хамаараад алдагдал багатай болсон. Үндсэндээ энэ жилийн хувьд алдагдал тэг болсон гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр онцоллоо. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах үүднээс эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийх боломжтой гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт үзжээ. Тиймээс Засгийн газар “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан байна. Тогтоолын утга агуулга нь Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хорооноос судалгаа гаргаснаар улсын  хэмжээний эрчим хүчний системийн 76 орчим хувь нь төвийн эрчим хүчний системд хамаардаг юм байна. Үүнээс гэр хорооллын хэрэглэгч нэлээд хувийг эзэлдэг. Гэхдээ худалдан авдаг цахилгааны хэмжээ тийм ч их биш байдаг. Тиймээс шөнийн тарифын үнийг бууруулаад хэрэглээг нэмэгдүүлэх юм бол тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурна гэсэн судалгааг хийжээ. Өөрөөр хэлбэл цахилгааныг нүүрсний оронд хэрэглэнэ гэсэн үг юм. Ингэснээр

Ялангуяа гэр хорооллын хэрэглэгчдэд 12,1,2,3 дугаар саруудад хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Хоёрдугаарт 21 цагаас өглөөний 06 цаг хооронд цахилгаан хэрэглэж дулаанаа хангадаг бол цахилгааны төлбөр 50 хувь буурах юм байна. Дээр нь цахилгааны энгийн тоолуурыг тарифт тоолуураар солих шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн энэ тогтоол өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө. Нэг киловатт цаг нь 77 төгрөг 10 мөнгө байсан бол 38 төгрөг болж буурах юм.

Хот суурины өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байна

Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулга хийжээ. Энэ тухайд Ц.Мөнхтөр, “Энэ өвөл 145 мянган өрхөд 56 сая мал өвөлжинө. Үүнийг хонин толгойд шилжүүлвэл 92.5 сая толгой мал өвөлжихөөс 7000 өрхийн 7 сая орчим мал өөр аймаг, сумын нутагт өвөлжих төлөвтэй байна. Иймд эдгээр малчин өрх, малчидтай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажилласан гэж Шадар сайд танилцууллаа. Хот суурины өвөлжилтийн бэлтгэл, тэр дундаа эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээ 93 хувьтай байна. Нүүрсний нөөцийн хувьд цахилгаан станцууд 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх ёстой ч энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс төмөр зам болон бусад байгууллагуудтай хамтарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарын хувьд, ялангуяа өөр аймаг сумын нутагт өвөлжих малчдын эрүүл мэндийн асуудалд явуулын үйлчилгээ явуулахаар бэлтгэл ажил хангажээ.

Онцгой байдлын үед арга хэмжээ авч ажиллах баг гаргав

Өргөн уудам нутагтай манай орны хувьд зам даваа цасанд боогдох аюул их байдаг. Тийм учраас Зам тээврийн яамнаас 45 цэгт 180 хүн 50 гаруй техниктэй баг гаргаж бэлэн байдалд ажиллуулах юм байна. Зам даваа хаагдсан үед бэлэн ажиллах боломжтой гэсэн үг. Онцгой нөхцөл байдал үүссэн гамшиг болсон үед яах вэ гэдэг дээр тодорхой арга хэмжээ авч техникийн болон мэдээллийн бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангасан гэж мэдээлж байгаа. Ялангуяа малчдад мэдээлэл хүргэх тал дээр радио, телевизийн сүлжээтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Дээр нь малчдад мессежээр мэдээлэл хүргэх ажиллагааг өргөн хэрэглэнэ гэсэн мэдээлэл өгсөн. Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр 2015-2016 оны өвөлжилтийн эрсдийн үнэлгээг гаргаж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Энэ өвөл мичин жилийн зуд болно гэж тооцоолж эртнээс бэлтгэл хийсэн нь зөв байсан байж гэдгийг өчигдрийн танилцуулгаас харж болохоор байна. Яагаад гэвэл өнөөдөр нийт нутгийн 80 гаруй хувь нь 8-12 см-ийн зузаан цастай байгаа. Мөн ойрын үед цас орж нэмэгдэхээр байна. Нийт нутгийн 40 хувь нь байдал хүндэрч зудтай өвөлжих нөхцөл байдал одоогоор ажиглагдаад байгаа. Хүйтний хувьд арванхоёрдугаар сард нэлээн хүйтэрнэ, нэгдүгээр сар ч гэсэн хүйтэрч цас нэмэгдэх төлөвтэй байгаа. Цаашдаа байдал яаж өрнөхийг сар болгон Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээл өглөө.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна