Засгийн газрын хуралдаан боллоо

2015 оны 12 сарын 1

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 Гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэнэ  

Агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний системийн арилжааны зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээ компаниудын горим ажиллагааг тогтворжуулах, найдвартай, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд хийгдсэн тарифын зохицуулалтын үр дүнд үндэслэн төвийн бүсийн хэмжээнд гэр хорооллын айл өрхөд үзүүлэх үнийн хөнгөлөлт, урамшууллын хэлбэр, хувь хэмжээ, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх нөхцөл зэргийг тарифын зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөлөө.

Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдарч буй хэрэглэгч эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай. Тоолуураа сольсноор оройн 21 цагаас өглөөний 06 цагт хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж байна.

 Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ 

“Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэгдэн нийлүүлэлт, тус салбарын хурдацтай хөгжил, дэлхийн чиг хандлага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил, цахим болон интернэт орчны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан байна.

Тус салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн, үндсэн 7 стратегийн зорилго, 35 зорилт, бусад салбарыг мэдээллийн технологиор дэмжих зорилгын хүрээнд 14 зорилтыг тус тус тодорхойлж, 2016-2020, 2020-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого нь мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүх нийтийн хэрэглээ болгох, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд тус салбарын дэвшлийг өргөн хүрээтэй нэвтрүүлсний үндсэн дээр Монгол Улсын хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхойлох юм.

 Зарим нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна  

Энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байна.

Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд, Төв аймгийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг хамгийн их эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна.

Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан байна.   

 Өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнг хэлэлцээд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ 

Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.

Отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх,

Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүссэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулж, шийдвэрлэх,

Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, 

Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарийн дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах,

Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

 Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 оны 11 дүгээр сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад хийсэн ажлын айлчлалын дүнгийн талаар танилцууллаа. Эдгээр улстай хамтран хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг тохирсон байна.

ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан ХБНГУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой өр авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тухайн төсөл, хөтөлбөрийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Бүх ард түмний спортын XIV их наадам болно

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулна. Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байна.


Товч мэдээ

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.  

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 11 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

  • Бүгд Найрамдах Индонез улсын Жакарта хотод энэ оны 10 дугаар сарын 20-21-нд зохион байгуулагдсан Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийн дарга Д.Ганхуягт даалгав.

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • 2015 оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

  • 2015 оны ургац хураалтын дүнг танилцуулсантай холбогдуулан 2016 оны тариалалтын бэлтгэлийг эртнээс хангах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, дутагдах хүнсний болон үрийн буудайг импортоор нийлүүлж, хангамжийг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгав.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна