Оросын хориг Туркт ямар хохиролтой вэ?

2015 оны 12 сарын 1

 

“СУ-24” байлдааны онгоцыг нь сөнөөсний хариуд ОХУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн харилцаа холбоо зузаарах болсон бөгөөд тэр хэрээрээ нэгнийхээ эсрэг тавьсан хориг нь тодорхой хэмжээний хохирол учруулах болж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Оросын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Турк улс жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 0.5 хувьтай тэнцэх хэмжээний хохирол амсах гэнэ.

 

Аялал жуулчлал

 

Туркийн арми өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөснөөр Анкараг зорих орос жуулчдын тоо огцом буурав. Учир нь ОХУ-ын засгийн газраас жуулчлалын компаниудыг Турк руу аялал хийхийг хориглож, иргэдийг шаардлагагүй бол Анкараг зорихгүй байхыг анхааруулсан юм. Энэ нь Туркийн аялал жуулчлалын салбарт том цохилт болжээ. Өмнө нь Газар дундын тэнгисийн эрэг дагуух Туркийн амралтын газруудад  найман жуулчин тутмын нэг нь орос хүн байдаг байв. Албаны статистик мэдээгээр энэ оны эхний 10 сард Туркт  Оросын 3.5 сая жуулчин ирсэн байна.

 

Эрчим хүч

 

ОХУ нь Турктэй байгалийн хийн хоолой болон АЦС-ын хоёр том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Энэ нь Хар тэнгисийн доогуур тавих “Турк урсгал” байгалийн хийн хоолойн төсөл болон Аккую дахь АЦС-ын бүтээн байгуулалтын ажил юм. Турк улс нь байгалийн хийн хэрэгцээний 55 хувь, газрын тосны хэрэглээний 30 хувийг ОХУ-аас авдаг байна. Гэхдээ ОХУ-ын эрчим хүчний албаныхан Турк руу нийлүүлэлтээ зогсоох тухай яриагүй юм. Учир нь Турк руу байгалийн хий нийлүүлэлтээ зогсоосноор Оросын “Газпром” компани багагүй алдагдал хүлээх аж.

 

Худалдаа

 

Нөхцөл байдал хурцдахаас өмнө Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар хоёр орны худалдаа наймааг ирэх 2023 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавиад байв. ОХУ болон Туркийн хооронд 2013 онд 32 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн байна. Оросын үндэсний статистикийн газраас мэдээлснээр өнгөрсөн онд ОХУ Турк руу 24.5 тэрбум ам.долларын газрын тос, байгалийн хий, ган, үр тариа зэрэг барааг экспортолжээ. Харин эргүүлээд Турк улсаас 6.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон аж.

 

Хүнс

 

Европын хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсны дараа Турк Орост жимс, хүнсний ногоо, самар зэргийг нийлүүлэгч гол орон болсон бөгөөд хөдөө аж ахуйн худалдаа наймаа нь 19 хувиар өсөж, 2014 онд дөрвөн тэрбум ам.доллар болсон аж. Гэвч Туркийн эсрэг Оросын эдийн засгийн хоригт хүнсний ногоо, жимсийг оруулжээ.

 

Бүтээн байгуулалт

 

ОХУ нь өнгөрсөн онд бүтээн байгуулалтын үйлчилгээний 35 орчим хувийг Туркээс хангажээ. Орост өнгөрсөн онд зохиогдсон өвлийн Олимпын өмнө Сочи хот дахь бүтээн байгуулалтад Туркийн олон компани оролцсон аж. Гэвч хэрэг явдлаас хойш Оросын албаныхан Туркийн компаниудтай шинээр бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй хэмээн цааргалах болжээ. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна