Хэрээ хэрээнийхээ харыг гайхах цагт...

2015 оны 12 сарын 1

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын халаасанд үнэгүй орох дөхсөн, хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг өчигдөр олон нийтэд нээлттэйгээр худалдаж, 24 тэрбум төгрөгийг хотын төсөвт төвлөрүүлэхээр болов. Тус газрыг Монголын иргэншилтэй Абдул Карим гэх гадаад цустай хүн авсан нь манай “эх орончдод”, зарим иргэдэд таалагдсангүй. Уг нь хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг хэн авахаас илүүтэйгээр анх удаа А зэрэглэлийн газар авлигаар зарагдчихаагүйд нь, Монголын газарт тодорхой хэмжээний үнэлэмж тогтоож өгсөнд Э.Бат-Үүл болон Абдул Каримд талархах ёстой байх. Урьд нь, хэн хаана ямар газар хэдээр зарж, авч байгаа нь хэзээ олон нийтэд ил тод байлаа даа. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын үед энэ мэт дэл, сул ашигтай газрууд ар өврийн хаалгаар л зарагддаг байсан шүү дээ. Д.Сугар Улсын циркийг Д.Дагвадоржид зарахдаа иймэрхүү нээлттэй худалдаа явуулж байсныг санадаггүй ээ.

Э.Бат-Үүлийн хийж байгаа бүхэн МАН-ынханд угаасаа ч таалагддаггүй. Таалагдахгүй байх түмэн буман шалтгаан байдаг ч биз.

Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хог тоосондоо дарагдсан хотод хийгээгүй ажлыг гуравхан жилд амжуулж байгаа Э.Бат-Үүлийг ялахгүй бол Ардын нам ахиад арван зургаан онд ялагдана. Иймээс сонгууль ойртох тусам МАН-ынхан бүхнийг сөрөх тактик барьж байна. Ялангуяа Ч.Сайханбилэгийн танхимаас хөөгдөж гарсан наймдугаар сараас хойш МАН-ынхан сөрөг хүчнээс сөрөх довтолгоонд шилжжээ гэлтэй.

Өмнө нь иргэн Цогоо болон энгийн иргэн бид “Эрдэнэт”-д таван сая төгрөгийн бэлгэвч, 10 сая төгрөгийн үсний хавчаар, нойлын цаас шахсан тухай сонсох боломжгүй байв. “Саалийн” гэх ганц “үнээгээ” Ч.Ганзориг болон Д.Сугарын гарын үсэгтэйгээр Өмнөд Африкийн банкны барьцаанд тавьсныг ч мэдээгүй байв. Одоо бол Ч.Сайханбилэгээс есөн сая төгрөгийн мөнгө аяга авсан эсэхийг нь асуудаг болсон байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь дүүргийн 50 жилийн ой хэмээн 140 сая төгрөгөөр медаль хэвлүүлснийг мэдэх эрхтэй болсон.

НИТХ, УИХ-ынхан жилдээ хэдэн төгрөгийн урамшуулал авдаг байсныг хэн ч МАН-ын үед ил тод болгож байгаагүй юм. Бүх гүйлгээ, шагнал урамшуулал, газрын наймаа бүгдээрээ хаалттай явагддаг байсан нь ердөө гурван жилийн өмнө шүү дээ.

Харин өнөөдөр хүн болгон “Шилэн данс” руу нь өнгийгөөд М.Зоригт хэнийг хаашаа дагуулж явсныг мэдчихэж болж байна.

Сөрөг хүчний хувьд МАН-ынхан бондын мөнгөний зарцуулалт хийгээд эргэн төлөлтөд санаа тавих нь зөв. Адаглаад л Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замд зарцуулсан 200 сая доллар юу болсныг мэдэх эрх Ардын намынханд бий. Гэхдээ, том асуудлаа жижиг улс төртэй хольж, гол зорилгоо хоосон улс төр болгомооргүй байна. Адилхан хувааж идчихээд өнөөдөр хэрээ хэрээнийхээ харыг гайхах хэрэг юун.

Хамгийн сүүлд гэхэд монголчууд бондын мөнгөнөөс хэн хэдийг авсныг мэддэг болов. Лав Л.Энх-Амгалан, М.Энхболд, Н.Номтойбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг компаниуд бондын мөнгөнөөс хувь хүртсэнийг олон нийт мэдээд авчихлаа. АН, МАН ч бондын мөнгөнөөс адилхан л “дээгүүрээ” хүртсэнээ аль аль нь хүлээчихлээ шүү дээ. Надад гуравхан , чамд гурав гэдэг л болоод байгаа болохоос....  Гэвч, авах нь нэг хэрэг, харин авснаа эргүүлэн төлж чадаж байгаа эсэх нь гол асуудал. Уг нь ийм  асуудлаар Ардын намынхан улстөржсөн бол дээр байлаа.

Тэгээд сөрөг хүчин бол чухамдаа сөрж довтлохын нэр биш юм. Харамсалтай нь, Ардын намынхан сөрөг хүчин гэдгээ сөрөх хүчин, сөрж довтлох гээд ойлгочихсон бололтой. Үндсэн хууль, Сонгуулийн хууль, бондын мөнгө, Шилэн данс гээд бүгдийг сөрөөд зогсч байгаа Ардын намынханд ажил хийж байгаа бүхэн муухай харагддаг болжээ гэмээр.

Хэдэн сарын өмнө Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй хэмээн ярьж байсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар өнөөдөр настай, намбатай, тулхтай улстөрчдөөс гарамгүй толгой нь  180 градус эргэчихэж. Энэ бүхнийг харахад Ардын намынхны барьж байгаа тактик нь Ардчилсан намын бодлого болгоныг унагаах, нураах явдал уу гэж асуухад хүргэж байна. Яг үнэндээ Ардын намынхны сөрөх довтолгоо болгон нь Ардчилсан намд биш өөрсдөд нь сөрөг пи-ар болж байна.

“Чингис бонд”-ын мөнгө Хөгжлийн банкны дансанд орж ирсэн цагаасаа л улстөрчдийн овоо хараанд байсаар ирсэн. Байсаар ч байгаа. Сөрөг хүчний хувьд МАН-ынхан бондын мөнгөний зарцуулалт хийгээд эргэн төлөлтөд санаа тавих нь зөв. Адаглаад л Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замд зарцуулсан 200 сая доллар юу болсныг мэдэх эрх Ардын намынханд бий. Гэхдээ, том асуудлаа жижиг улс төртэй хольж, гол зорилгоо хоосон улс төр болгомооргүй байна. Адилхан хувааж идчихээд өнөөдөр хэрээ хэрээнийхээ харыг гайхах хэрэг юун.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна