Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

2015 оны 12 сарын 1

Хууль зүйн байнгын хорооны хурлаар “Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн 62.5 хувь нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд дэмжлээ.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж асуулт асуулаа. Тэрбээр “Үндсэн хуулийг зөрчсөн гээд байгаа гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, аймгуудын дунд давж заалдах шатны шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэлт гаргачихсан. Хоёрдугаарт, эрүү иргэний хэргийн шүүх гэж ялгасан нь Үндсэн хууль зөрчсөн. Гуравдугаарт, дүүрэг дундын шүүх байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргасан. Энэ шийдвэр цаашид их суудлын хуралдаанаар баталгаажна. Хоёр дахь удаагаа УИХ хүлээж авсан чинь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьчихлаа. Ерөнхийлөгч тойруугаар шүүхийн шийдвэрт хориг тавьж байгаа юм. Энэ нь шүүх эрх мэдлийн ажилд хориг тавих нэрийдлээр Үндсэн хуулийн зөрчил гаргасан. Одоо мөрдөж байгаа хуульд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчвөл огцруулна гэж заасан байдаг юм шүү. Хоёрдугаарт, та нар зардал мөнгө их ярьдаг боллоо. Өмнө нь шүүхийн зохион байгуулалт хийгээд шүүхийн зардлыг гурав дахин нэмэгдүүлсэн шүү дээ. Давж заалдах шатны шүүхүүд чинь аймагт бүрт байсан юм. Байсан газрыг буцаагаад байгуулахад ямар ч зардал гарахгүй. Яагаад зардал нэмэгдүүлсэн бэ гэхээр эрүүгийн шүүх, иргэний шүүх гэж ялгаад тус бүрийг нь даргатай, тус бүрийг нь олон шүүгчтэй болгочихсон учраас зардал нэмэгдэж байгаа юм. Миний асуух гээд байгаа зүйл бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож болох уу? Хүлээн зөвшөөрч байгаа учраас мөнгө байхгүй гэж хориг тавиад байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Эрүү, иргэний хувьд цэцийн дүгнэлт гарсан. Гэхдээ 2004 онд захиргааны хэргийн шүүх байгуулаад 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Улсын хэмжээнд ганцхан давж заалдах шатны шүүх байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ байдлыг нэг ч удаа Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц хэлээгүй. Эрүү иргэнээр дагнаад ирэхээр Үндсэн хууль зөрчөөд байдаг ойлгомжгүй асуудал байна. Гэтэл үндсэн хууль дээр эрүү иргэний дагнасан шүүх байгуулж болно гэдэг заалт байж байгаа. Дээрээс нь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүйг УИХ-ын гишүүн тогтоохгүй гэж бодож байна. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийн асуудал байна. Хоёрдугаарт, хориг бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт дээр тавигдаагүй, УИХ-ын тогтоол дээр тавигдаж байгаа юм. УИХ-аар шүүхийн дүгнэлтийг баталсан учир эргэж хараачээ гэдэг үндэслэлийг тавьж байгаа юм. Эцсийн шийдвэр та бүхэнд хадгалагдаж байгаа.  

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-23 жилийн дотор анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч ийм хориг тавьж байна гэж танилцуулаад байна. Би ганцхан логик талаас нь гайхаж байна. УИХ хууль гаргаж түүнийг Үндсэн хуулийн Цэцээс дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдчихсэн байна. Дунд суудлын хуралданы шийдвэрийг УИХ авч хэлэлцээд тийм байна гээд хүлээгээд авсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьчихаж. Энэ логик талаасаа юу болоод байна вэ?  

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаар дүгнэлт гаргана, дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол их суудлаар эцсийн шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийн эцсийн шийдвэр гарсан бол түүнийг хэн ч хянах эрхгүй гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс энэ бол процессийн дагуу явж байгаа хориг болохоос Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг хориод байгаа асуудал биш.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ-ын тогтоолтой холбоотой. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцээд Үндсэн хуулийн Цэц их суудлын хурлаараа асуудлыг авч хэлэлцэх боломж байна гэсэн санаатай, ийм хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ярих нь зохимжгүй юм. Хоёрдугаарт шүүхийн зохион байгуулалттай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэж. Ийм зохион байгуулалтыг өргөн барьсан Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм шүү. Тиймээс адилхан Үндсэн хуулийн маргаантай гэж ойлгож болно” гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

      

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна