Халх голын маргаан юу болов?

2015 оны 12 сарын 1

Сэтгүүлч:
Дорнод

Халх гол чөлөөт бүсийг байгуулах 75 тоот тогтоолыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд эсэргүүцэж  байгаа юм. Тэд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь үндсэндээ 75-р тогтоолыг цуцлуулах зорилготой гэж төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлсэн юм. Түүнээс  энэ талаар тодрууллаа.

-Та болон бие даагч гишүүд Халх голын чөлөөт бүсийн асуудлыг эсэргүүцэж Органик үйлдвэрлэл хөгжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Халх голын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Үүнээс харахад Халх голыг чөлөөт бүс болгох төсөл хэрэгжих юм биш үү. Таны өргөн барьсан төсөл юу болсон бэ?  

-Халх голыг чөлөөт бүс болгож болохгүй гэж нутгийн иргэдээс гадна, эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Ялангуяа 500 мянган га газрыг чөлөөт бүс болгоно гэдэг бол дэлхийд байхгүй хэмжээ юм. Гэтэл яагаад зүтгүүлээд байгааг гайхаж байна. Цаана нь ямар нэг зүйл байна гэж бодож байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” гэдэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа боловч хаалттай хэлэлцүүлэг хийлээ. Хаалттай гэж байгаагийн учир нь нэг ч УИХ-ын гишүүн уриагүй, үг хэлэх хүмүүс нь тодорхой ийм хэлэлцүүлэг болсон. Малгайг нь “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” гээд тавьчихсан болохоос хуучин ярьдаг байсан асуудлаа л ярьсан байна лээ. Р.Бурмаа гишүүн Дорнод аймагт очоод “Хятадууд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гээд байхад та нар эсэргүүцээд байх юм. Болохгүй бол та нарыг өөр аймаг  руу явуулна” гэж ярьж байна гэсэн. Гадны улсууд зүгээр мөнгө өгнө гэж би бодохгүй байна. Хоёрдугаарт нээлттэй хэлэлцүүлэг дээр төслийн захирагч Ж.Энхжаргал “Чөлөөт бүс болгох газрын хэмжээ том гэж шүүмжилж байна. Гэтэл Бразилд сая га байдаг юм” гэж ярьсан. Бразилд органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс сая га байдаг болохоос биш чөлөөт бүс бол дэлхийд тийм том хэмжээгээр хаана ч байхгүй. Хамгийн том чөлөөт бүс бол Шанхайн чөлөөт бүс. Тэгэхээр үүний цаана гадны лоббид орсон ашиг сонирхол явж байна гэж би хардаж байна.

-Таны өргөн барьсан хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ?

-Миний өргөн барьсан хуулийн төсөл бол Органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс нутаг болгож Халх голыг хөгжүүлэх ийм хуулийн төсөл юм. Олон улсад 1980-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тиймээс энэ арванхоёрдугаар сард багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна гэв.


Халх гол чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоол энэ оны долдугаар сард батлагдсан. Үүнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон юм. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд Халх гол чөлөөт бүсэд дагаж мөрдөх Тариалан технологийн журам, Мал амьтны хорио цээрийн журмыг батлах зөвлөмж гарна гэж зохион байгуулагчид онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр Халх гол төслийн захирагч Ж.Энхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Халх голын чөлөөт бүсийг нутгийн иргэд эсэргүүцээд байна. Гэтэл энэ чөлөөт бүсийг хэрэгжүүлэх гээд байгаа гол зорилго нь юу вэ. Нутгийн иргэдэд ямар үр ашигтай вэ? Чөлөөт бүсийнхээ талаар товчхон танилцуулбал.

-Халх голын газар нутаг бол ганцхан тэнд амьдарч байгаа иргэн Дорж ч юм уу Бат-ын баялаг биш. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн баялаг. Тиймээс эргэж төлждөггүй хөрсийг хайрлах ёстой, өөрөөр хэлбэл өнөөдөр тэнд бий болоод байгаа газар олголтын замбараагүй байдлыг зогсоох ёстой, нөгөө талаас тэнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж түүнийг дэмжсэн газар тариалангийн үйлдвэрлэлийг явуулахдаа эдийн засгийн тооцоолол судалгаатай, бэлчээр болон хөрсийг хамгаалсан технологийн горим, дүрэм журмыг дагаж мөрдөн эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой гэсэн зарчмын асуудлыг хөндөж байгаа юм. Үүний тулд хууль эрх зүйн орчинд тохирсон Чөлөөт бүсийн хэлбэрээр гаргаж ирсэн. Чөлөөт бүсээр дамжуулан тэнд амьдарч байгаа иргэнд чөлөөтэй амьдрах, орологын эх үүсвэр нь тогтвортой байх, өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ дэлхий зах зээлд гарган худалдан борлуулах бололцоог хангаж өгөх зорилготой. Өнөөдөрийн байдлаар халх гол амьдарч буй малчин Дорж-ын орлогын эх үүсвэр нь баталгаатай, тогтвортой байгаа гэдэгт би эргэлзэж байна. Тэр хүний орлогын эх үүсвэр тогтворгүй, тээвэр логистикийн асуудал нь хүнд, ажлын байр хомс, соёлын асуудал хол гээд олон олон асуудлууд байгаа гэж бодож байна. Яагаад тэнд амьдарч байгаа иргэд ингэж амьдрах ёстой юм бэ. Ялгаагүй л хотод байгаа иргэдтэй ижил амьдрах эрхтэй шүү дээ. Дорнод аймагт 15 жилийн өмнөөс газрын тосны ажил эхэлсэн. Гэтэл Матад, Халхгол сумын иргэд ямар түвшинд амьдарч байна, хэдэн хүн газрын тосны үйлдвэрлэл дээр ажиллаж байна, тэдний хэд нь Халх голын иргэд байна гэх мэт асуудлыг ярих ёстой. Өнөөдөр ярихгүй бол маргааш бид ярьж чадахгүй. Халх голын чөлөөт бүсийн 500 мянган га газрыг УИХ баталсан гэтэл яг энэ талбай дээр чинь 783 мянган га газарт газрын тосны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөгдөх гээд бэлэн байж байна. Ер нь газрын тосноос ард түмэн хожсон уу, тэнд орон нутгийн хөгжил бий болсон уу гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс бид тухайн орон нутгийн иргэдэд боломж гаргаж өгч байгаа юм. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс бий болчихвол малчин хүн өөрийнхөө өдөр тутам хийдэг ажлаараа хангалттай мөнгө олох боломжтойгоос гадна махаа илүү өртөг шингэсэн үнээр зарах боломжтой. Товчхондоо ХАА-н чөлөөт бүсийн гол зорилго бол энэ юм.

-Чөлөөт бүсээр дамжуулан гадаад иргэд визгүй орж ирнэ гэсэн хардлага байна. Энэ үнэн үү?

-Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн 500 мянган га газар нь нутгийн гүнд байрлаж байгаагаараа онцлог юм. Нутгийн гүнд гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх гэж байгаа гадаад иргэн виз авч орох ёстой. Тэр л журмаар виз авч байж орж ирэх учиртай. Орж ирэхдээ тогтоосон хугацаанд, очих газартаа очоод буцаж Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах учиртай. Түүнээс биш хэн нэгэн гадаадын иргэн харьяат хүн ямар ч зөвшөөрөлгүй Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирэх тухай асуудал огт байхгүй. Одоогоор Халх голыг тойрсон маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа ч “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлэгтэй холбогдуулан маргаан нэг тийш шийдэгдэж магадгүй бололтой.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна