З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав

2015 оны 12 сарын 1

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.11.30/ Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаатай танилцав.

 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль батлагдсантай холбогдуулан “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, зохион байгуулж байгаа болон Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  тус яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ, УИХ-аар батлагдсан  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгөв. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхойлогдож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Монголын төмөр зам” ХХК-аас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг УИХ-ын даргад танилцуулав. Үүнд хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа юм байна. Жишээ нь, Хүнд машин механизмын оператор мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хувьд нийт 18 сургууль, суралцагчдын тоо 736, багшийн тоо 40 байгаа бол Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд танилцуулав.  Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны 1 болон 6 сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон судалгааг мөн танилцууллаа. Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэхь заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай хамгаалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх тодорхой мэргэжлийн боловсролд эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээн заасан болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

 

Түүнчлэн Улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөөд буйг салбарын сайд дурдсан юм. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.4 хувь байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллагад нийт 42675 суралцагч суралцаж байгаа аж.

 

Мөн УИХ-ын даргад Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар өгсөн мэдээлэлдээ, 2014-2015 оны хичээлийн жилд 18978 хүн төгссөн нь өмнөх оныхоос 620 буюу 3.4 хувиар буурсан. Харин төгсөгчдийн 14.1 хувь нь техникийн, 49.2 хувь нь мэргэжлийн боловсрол, 36.7 хувь нь мэргэжлийн сургалтыг дүүргэсэн болохыг мэдэгдэв.

 

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа хэлэхдээ, Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрийн төсвийг УИХ-аар баталж өгсөнтэй холбогдуулан, судалгаа тооцоог бид албан ёсоор хийсэн. Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яамны хувьд хамтран ажиллаж, яамдын  сайд нар албан ёсоор уулзаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа талаар УИХ-ын даргад илтгэв.

 

 

Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа Г.Сайханбаяр, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав.

 

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС