Автобусны жолооч хүн дайрсан хэрэг гарлаа

2015 оны 12 сарын 1

Нийтийн тээврийн жолооч нар нь мэргэшсэн хамгийн чадвартай жолооч нар байх учиртай. Гэтэл нийтийн тээврийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол буурахгүй байна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар нийтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой зам тээврийн осол  405 бүргэгдэж, осол хэргийн улмаас   таван хүн нас барж,  254 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус,  зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг,  хаалгандаа хавчих тохиолдол гарсаар. Гэнэт огцом тоормослох, хоорондоо уралдах, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг гаргадаг зөрчлийг тооцоод байвал барагдахгүй.  Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн нутаг  Их Нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайбуянт” компаний Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчиж байёан 30-35 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироож , автобуст зорчиж явсан найм, явган зорчигч таван хүн хүнд хөнгөн гэмтсэн ноцтой осол гараад удаагүй. Гэтэл өнөөдөр дахин нийтийн тээвэртэй холбоотой  осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр өглөөний 09.50 цагийн орчимд  Сонгино хайрхан дүүргийн нутаг Хар хорин захаас баруун тийш Миний дэлгүүрийн урд замд  “Тэнүүн огоо” компанийн Daewoo BS-106  маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон. Мөн тус дүүргийн Хангай захаас зүүн хойш замд  "Авто нэгдэл" компаний H.Aero Citi -540 маркийн автобусны жолооч Г. нь  “Тэнүүн огоо” компаний H.Aero Citi -540 маркийн Д жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч  дөрвөн хүн гэмтсэн байх юм. Уг нь нийтийн тээврийн хэрэгслийг хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл гэж иргэд сонгож үйлчлүүлдэг. Гэвч  аюулгүй зорчих баталгаа нийтийн тээвэрт үгүйлэгдсээр байх болжээ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна