Х.Баттулгыг коммунист гэж яаж мэдэх юм

2015 оны 12 сарын 1

“Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай АН-ын гишүүнд Х.Баттулга “Нэрний хувьд хараахан тогтчихсон нэр биш л дээ. Гол санаа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн томоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээн байгуулалтад шилжинэ”  гэдгийг хэлж байсан. Тэрээр 50 мянган цэрэг татъя гэх саналыг гаргасан ч багассаар байгаад 10 мянга дээр буусан аж. Түүнийг Хойд Солонгос шиг дарангуйлсан, албадлагын коммунист бодлогыг ардчилсан улсад хэрэгжүүлэх гэж байна гэх хүн цөөнгүй. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулж байна, цалин олгож байна. Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа төрийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэжээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Шүлэг зохиох, дуу хит болгох, “Болор цом”-д түрүүлэх биш шүү дээ” гэсэн хариултыг ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэгвэл Ардчиллын алтан хараацайнуудын нэг, хотын дарга Э.Бат-Үүл “Цэрэгт түшиглэсэн бизнес хийвэл бусад бүх бизнесийг сүйдлэнэ гэсэн үг. Ийм аюултай зүйл яриад байна. Ийм бизнесийг хүн төрөлхтний түүхэнд дарангуйлагч нар л хийж байсан. Цэргийн социализм байгуулж буй оронд байна. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэх юм бэ. Ийм коммунист, цэргийн коммунист байна гэж би яаж мэдэх юм бэ” гэж ширүүхэн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр цэрэг гэж ярихын оронд цалинг нь өгөөд залуусаараа ажил хийлгэхийг зөвлөж байна.

Хотын дарга Х.Бат-Үүлийн байр суурийг видеоноос үзнэ үү!

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна