Ч.Ганхуяг хувьцаа бэлэглэнэ

2015 оны 12 сарын 1

Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг өчигдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй дуудлага худалдаа явуулж, 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэх иргэн эзэмшихээр болсон. Уг нь цахим ертөнцөд хэвлэх үйлдвэрийн газрыг хөрөнгө босгож худалдаж авах саналыг “Хас”-ын Ч.Ганхуяг дэвшүүлж, хөрөнгө босгох ажлыг эхлүүлээд байсан юм. Тодруулбал, 1000 залуус нэгдэж нэг хүн нэг сая төгрөг цуглуулж тухайн газрыг авах боломжтой гэж үзсэн ч 7 тэрбумаас 24 тэрбум төгрөг хүртэл өссөн газрын дуудлага худалдаанд залуусын нэгдэл орж чадсангүй. Хугацаа давчуу, дуудлага худалдаанд оролцох бичиг баримтаа бүрдүүлэх, дэнчингийн мөнгө 7.5 сая төгрөгийг банкинд шилжүүлэх гээд гүйцэтгэх ажил их байснаас өчигдөр 11.00 цагт эхэлсэн дуудлага худалдаанд амжаагүй байна. Гэхдээ анх удаа олны санаачилгаар хувьчлалд оролцож болно гэдгийг нотолсон, судалсан үйл явдал боллоо гэж Ч.Ганхуяг өөрийн үйлдлээ зөвтгөсөн юм. Мөн өчигдрөөс эхлэн хувьчлалын үйл ажиллагаанд нэгдэж хөрөнгө оруулалт хийсэн нөхдийнхөө мөнгийг буцаан шилжүүлж эхэлжээ. Ингэхдээ банк хооронд шилжүүлсэн шимтгэл мөнгө зэргийг бүгдийг нь нөхөж Ч.Ганхуяг өөрөөсөө барагдуулах гэнэ. Давхар Ард санхүүгийн нэгдлийнхээ хувьцаанаас 20, 20 ширхэгийг хувьчлалд нэгдсэн багийнхаа хүн бүрт бэлэг болгон өгөхөөр болжээ.

Яг хэдэн хүн нэгдэж, хэчнээн төгрөгийг бүрдүүлсэн бэ гэдгээ Ч.Ганхуяг нууцлахыг хүслээ. Иймээс түүнийг мөн л хэдэн төгрөгөөр шатаж, хэдэн хүнд банкны төлбөрийн шимтгэлийн мөнгийг төлөх болсон бэ гэдэг нь тодорхойгүй үлдлээ. 

Мөн “Хувьчлалыг илүү нээлттэй, олны оролцоотой зөв явуулж болох юм гэдгийг олон түмэн, бидний өмнөөс төрийн өмчийг захиран зарцуулж байгаа түшээдэд ч ойлгуулж чадлаа. Аль аль талдаа жоохон сэтгэл л гаргах ёстой байдаг юм байна. Хоёрт, Фэйсбүүк болон бусад сошиал медиа бидний амьдралд зөвхөн цаг нөхцөөх, мэдээлэл хуваалцах, улстөржих хэрэгсэл байхаас гадна биднийг нэг цулгай улс үндэстэн гэдгийг ухааруулж чаддаг, бид өөрсдөө хувь заяаныхаа эзэн нь гэдгийг ойлгууллаа. Мөн Фэйсбүүкийн түүхэнд анх удаа бид хувьчлалыг хамтдаа явуулах гэж оролдлоо. Дараачийн удаа Фэйсбүүкээр олныг хамруулсан ямар ч бизнесийг хамтдаа хийх бүрэн боломжтойг нотолж чадлаа” гэж  тэрбээр мэдэгдсэн юм.  

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна