Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналд 5 бүтээлийн нэрийг дэвшүүлэв

2015 оны 12 сарын 1

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 дугаар тоот захирамж гарч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор олгож эхэлсэн билээ.

Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2015 оны 01 дүрээр сарын 13-ны өдөр тодорч байсан бол хоёр дахь удаагийн шалгаруулалтад таван бүтээлийг УИХ-ын Тамгын газарт ирүүлжээ.

Үүнд, “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь“ Л.Галбаатар /2015 он/, “Эрх зүйн онол” Б.Баярсайхан /2010 он/, “Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага” Ч.Өнөрбаяр /2014 он, “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” И.Дашням /Дэд боть 2011 он/ болон С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг” /4 дэх хэвлэлт 2015 он/ зэрэг бүтээл багтсан байна.

Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын эзэн ирэх оны нэгдүгээр сард тодрох юм. Бяраагийн Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан нэрт судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад тэрээр Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна