300 мянгын үнэтэй сургалтыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

300 мянгын үнэтэй сургалтыг зогсоолоо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад “Франклин Ковей Монголиа” компаний “Бяцхан манлайлагч” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулна гэж хүүхэд нэг бүрээс 300 мянган төгрөг хурааж байна гэсэн мэдээлэл нийгмийг бухимдуулсан. Үүний дагуу БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд дээрх сургалтын талаар судлахад яам болон албан тушаалтны нэрийг ашиглан сургалт явуулахаар төлөвлөж байсан нь нотлогджээ. Тиймээс БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2012 онд гаргасан А/92 тоот буюу сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэгдэж, цаашид төрийн өмчийн аль ч сургуульд энэ мэт хууль бус үйлдэл явуулахгүй байхыг нийслэл, аймгийн боловсролын газрууд, дүүргүүдийн боловсролын хэлтсүүд, нийт төрийн өмчийн сургуулиудад анхааруулжээ.

Энэ дагуу С.Марта захиралтай 84-р дунд сургууль доорх залруулгыг гаргасан байна.


Улсын тэргүүний 84-р сургуулийн эцэг эхчүүдийн анхааралд

 

Сайн байна уу? АНУ-ын “Franklin Covey” компаний Монгол дахь салбар “Франклин Ковей Монголиа” компаний “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг “Арвис”, “Монгени”, “Гурван Тамир” сургуулиудын адилаар өөрийн сургуульд хэрэгжүүлэх боломж байгаа талаар XI/25, 26, 27-ны өдрийн ангиудын эцэг эхийн хурал дээр танилцуулга хийж, мэдээлэл өгсөн. Энэ хурал дээр эцэг эхчүүдэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой, зайлшгүй шаардлагатай гэсэн утгаар огт яригдаагүй, зөвхөн хэрэгжүүлж болох эсэх талаар санал асуулга л авсан билээ.

Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, интернэт сайтуудаар “84-р сургууль зориудаар эцэг эхийн хурал зарлан энэ “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүл гэж тулгасан, 300.000 төгрөг хураалга гэж шаардсан, мөн БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх гэж байгаа” гэх мэт ямар ч хамааралгүй хүмүүс, албан тушаалтнуудын нэрийг дурдаж, ор үндэсгүй ташаа мэдээлэл тараасанд сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор залруулга өгч байна.

БСШУЯ болон Яамны сайд, НБГ, БЗД-ийн Боловсролын хэлтэс зэрэгтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, бид зөвхөн сургуулийнхаа эцэг эхчүүдэд л танилцуулж, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, хэрэв хэрэгжүүлье гэвэл дэмжих, эс дэмжих талаар санал асуулгын түвшинд л явагдаж байсан асуудал. Гэтэл нийгэмд ийм гүтгэлэг тарааж, хар буруу мэдээлэл цацаж, сургуулийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан явдалд харамсаж байна.

Ийм учраас уг хөтөлбөрийг дэмжих, эс дэмжих талаар эцэг эхчүүдэд өгсөн санал асуулгын хуудсыг хурааж авахгүй, нэгтгэхгүйгээр энэ асуудлыг бүрмөсөн зогсоож байна.

 

Улсын тэргүүний 84-р сургуулийн захиргаа.

2015.12.01

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж