Сүрчигний тухай буруу ойлголтууд

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Сүрчигний тухай буруу ойлголтууд

Ochko's Hobby Page

Найзуудаа ѳнѳѳдѳр та бүхэндээ би манай хуудас дээрээс дандаа, байнга, бараг ѳдѳр тутам, шахуу бичигддэг гэмээр асуултууд, илт буруу ойлголтуудад тайлбар хийх нь зүйтэй гэж бодлоо. Гэхдээ би үүнийг зѳвхѳн та бүгдийн мэдлэгт дусал нэмэр болгон ѳгүүлж байгаа болохоос бус хэн нэгнийг шоолж тохуурхаагүй гэдгийг ойлгохыг хүсье. Бид бүгдээрээ л суралцаж байгаа, цаашдаа ч улам ихийг сурах болно. Цагтаа би ч гэсэн үнэртний талаар ямар ч ойлголтгүй байлаа. За ингээд ажилдаа орьё.

Буруу ойлголт 1. Сүрчигний оригиналь эсвэл хуурамч гэдгийг нь кодыг нь хараад мэдэж болно. Бас оригиналь үнэртэй усны гуурс нь тэгшхэн байдаг.

Залруулга 1. Сүрчигний бортогон дээр ч бай, гаднах хайрцаган дээр ч бай, тухайн код (barcode) бол зүгээр л тоо. Ямарч үйлдвэрлэл явагдаж байгаа газар үйлдэрлэсэн бүтээгдэхүүнээ тоолж бүртгэж авах нь мэдээжийн асуудал. Интернэт дээр үнэртэй усны кодыг оруулаад оригиналь эсэхийг нь шалгадаг гэх вебхуудас, аппликайшн байх нь байдаг. Эдгээр программуудын ажиллах зарчим нь тун энгийн, тэр нь тухайн компаниудын үйлвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллийг таны оруулсан кодтой харьцуулна гэсэн үг. Таны оруулсан кодыг тэр вэб хуудас танилаа гэж бодоход зѳвхѳн тэр тоо нь бүртгэгдсэн байна л гэдгийг илэрхийлж байгаа болохоос бус таны гарт байгаа үнэртэн нь оригиналь эсэхийн баталгаа болж чадахгүй. Та бодолдоо тэр кодолсон тоонд ямар ч ид шид байхгүй шүү дээ. Хуурамч бүтээгдэхүүн үйлвэрлэгч нар тэр сүрчигний шингэн, бортого, хайрцаг савыг дуурайлган хийж чадаж байгаа мѳртлѳѳ хэдхэн тоог хуурамчаар хийж чадахгүй гэжүү. Жишээ нь нэг жинхэнэ оригиналь сүрчигний кодыг 1000 хуулбарлаад дэлхий даяар тараачихсан байхад нэгэнт тэр 1000 хэрэглэгч нар нэг дор уулзаад кодоо тулгаж чадахгүйгээс хойш тэр код танигдах эсэх нь ямар ч ач холбогдолгүй зүйл. Тэр үнэртний кодыг оруулаад танигдлаа гэж бодоход тэр сүрчигний үнэр, гаднах хийсэн байдал нь илт хуурамч байхад та оригиналь гэж итгэж авна гэж үү. Энэ залруулгын логик нь мѳн л сүрчигний гуурстай холбогдох буруу ойлголтод хамаатай. Зах зээл дээр байгаа олон мянган үнэртнүүдийн дунд шулуухан гуурстай нь ч бий, далий нь ч бий. Хэрэв үнэхээр гуурсны шулуун эсэхээр таньж болдог байсан бол тэр хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тийм жижиг зүйл дээр алдана гэжүү. Код ба гуурс зэрэг нь ерѳнхийд нь харах олон зүйлийн нэг хэсэг болохоос дангаараа ямар ч баталгаатай шинж тэмдэг биш юм. Хуурамч сүрчгийг хэрхэн ялгах тухай нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Буруу ойлголт 2. Үнэртэй ус удахаараа эсвэл таглаагүй байлгахаар охь нь гарчихдаг.

Залруулга 2. Үнэртэнд охь гэдэг зүйл байхгүй. Сүрчгийг буруу хадгалснаас болж тунадас үүсэх, ѳнгѳ нь хувирах зэргээр чанар нь муудаж, үнэр нь ѳѳрчлѳгдѳж болно. Гэхдээ буруу хадгалалт нь тухайн үнэртэй усны бүтэц, найруулгыг бүхэлд сүйтгэж байгаа болохоос бортогон дотроос нь ууршаад гараад явчихдаг охь гэдэг зүйл огт байдаггүй. Гэхдээ сүрчгийг ерѳнхийдѳѳ ууршихгүй, бусад зүйлтэй урвалд орох эрсдэлийг багасгахын тулд аль болохоор таглаатай байлгасан нь дээр. Үнэртнийг хэрхэн хадгалах тухай нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Буруу ойлголт 3. Ийм нэг (жишээ нь FM) компани байх юм, тэгээд Chanel, Dior гэх мэт дэлхийн брэндийн сүрчигнүүдийг хамаагүй хямдаар зардаг ба бортого, хайрцаг нь л ондоо болохоос сүрчиг нь бол яг адилхан гэнээ. (Буруу асуулт – Ийм компаний үйлдвэрлэсэн үнэртэн оригиналь байж чадах уу?)

Залруулга 3. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар Монголд тѳдийгүй дэлхийн хаана ч байдаг. Эдгээр компаниудын бүтээгдхүүнүүдийг шууд хуурамч үнэртэн гэж хэлэхэд хууль зүйн хувьд амаргүй. Жишээ нь тэд Coco Chanel – ыг шууд дуурайгаад хийх гэж оролддоггүй, харин нэг үнэртэн хийчихээд тэрийгээ Coco Chanel – тай адилхан үнэртдэг гэж сурталчилдаг. Энэ нь тэдний бизнесийн арга юмуудаа. Учир нь дараа нь худалдан авагч нь "танай үнэртэн хуурамч байна" гэж заргалдах эсвэл жинхэнэ брэндийн компаниуд ѳѳрсдийнх нь оюуны ѳмчийг хууль бусаар ашигласан гэж буруутган шүүхдэх болвол тэд "үгүй ээ бид тэр Coco Chanel – ыг огт дуурайж хуулбарлаж хийгээгүй, бидний ѳѳрсдийн хийсэн сүрчгээ ѳѳрсдийн бортгонд савлаж гаргасан, бид нар зѳвхѳн тэр үнэртнийг Coco Chanel-тaй адилхан үнэртдэг гэж харьцуулалт хийсэн, худалдан авах нь тэр хүний ѳѳрийнх нь шийдвэр байсан, манай зар сурталчилгааг буруу ойлгосон байна" гэж тайбарлаад хариуцлагаас мултарна гэсэн үг. Энэ нь зарим хуурамч бүтээгдэхүүн үйлвэрлэгч нар ѳѳрсдийн пүүзээ "Nike" брэндийн жинхэнэтэй нь хүн андуурхаар адилхан үйлдвэрлээд дээр нь "Nile" гэж албаар үсгийн алдаа гаргаж бичдэгтэй адил зүйл. Тиймээс ийм дэмий үгэнд хууртах хэрэггүй, хуулбар бол хуулбар, бусдын оюуны ѳмчийг хууль бусаар ашигласан зүйлс хэзээ ч оригиналь байж чадахгүй нь ойлгомжтой. (Гэхдээ заримдаа ийм компаниуд нь бусад нэртэй брэндийн үнэртнүүдийг дуурайгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ. Харин тэр тохиолдолд тухайн үнэртний чанараас бүх зүйл шалтгаална.)

Буруу ойлголт 4. Тестэр үнэртэн нь жинхэнээсээ ѳѳр (хүчтэй эсвэл сулхан) үнэртдэг. (Буруу асуулт – тестэр үнэртэн нь оригиналь байж чадах уу?)

Залруулга 4. Англиар ч, францаар ч, одоо орчин цагийн Монгол хэлээр ч гэсэн тестэлнэ гэдэг бол шалгана л гэсэн үг шүү дээ. Үнэртэн үйлдвэрлэгч нар дэлгүүрт худалдан авагч нарт зориулан бүтээгдхүүнээ үнэ тѳлбѳргүй түрхэж, туршиж үзэх боломжийг олгохоор сүрчигний тестэрийг тавьдаг. Тестэр нь тэр үнэртний нэг л хувь, дээжис болохоос бус тухайн бүтээгдхүүнээсээ чанарын хувьд илүү, дутуу байх ямарч боломж байхгүй. Харин үнэ тѳлбѳргүй цацагдаж дуусах зориулалттай учир ихэнхдээ таггүй, дээрээс нь зѳвхѳн нэр, хэмжээ зэргийг нь бичсэн нул цагаан цаасан хайрцагтай ирдэг. Энэ нь мэдээж компаниудын зардлаа хэмнэх арга. Гэхдээ бараг ямар ч тохиолдолд тестэр нь жинхэнэ үнэртнээсээ ѳѳр бортогонд савлагдаж ирдэггүй. Ийм тестэр үнэртнийг худалдан авагч нарт зарах нь хориотой байдаг тул бортого болон хайрцаг дээр энэ утгыг илэрхийлсэн тайлбар бичигдсэн байдаг. (Aнглиар "Tester – Not for Sale", францаар "Démonstration/Echantillons gratuits/Vente interdite") Гэхдээ заримдаа дэлгүүрүүд зарагдаад дууссан бүтээгдхүүний тестэрүүдийг хямдхан зарах нь бий.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж