Хөгжлийн банкны мэдээллийг дахин хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны мэдээллийг дахин хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Чингис бонд, Самурай бондын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч дахин хойшиллоо.

Хойшлуулах шийдвэрийг хамтарсан байнгын хорооны хуралдаанд оролцсон 23 гишүүний 18 нь дэмжсэн юм. Тиймээс энэ асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болж байна. Ингэхдээ бондын зарцуулалтыг үнэлж дүгнэх хамтарсан байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд ирэх долоо хоногт гадаадад болон томилолтоор явах чөлөө олгохгүй бүгдийг нь байлцуулж энэ асуудлыг хэлэлцэж маргаанаа хагалах шийдвэрт УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Мэдээллийг хойшлуулах горимын санал гаргах үеэрээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дарга гишүүдтэйгээ нэгбүрчлэн ажиллахыг шаардаж байна. Ажлын хэсгийн материал бэлэн болоогүй байгаа. Тиймээс мэдээллийг өнөөдөр сонсохоо хойшлуулах шаардлагатай. Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Л.Энх-Амгалан гишүүн томилолттой хөдөө ажиллаж байгаа. Ирж амжаагүй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Ч.Хүрэлбаатар гишүүн орлоод мэдээллийг хийчих боломжтой.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт: Чухал мэдээлэл сонсох учраас үнэн зөв мэдээлэлд тулгуурлах ёстой. Төсвийн байнгын хорооны дарга ирээгүй байна. Ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагүй гэж байгаа. Ажлын хэсэг 10 гишүүнтэй, ядаж тэднээс 6-7 гишүүн нь дүгнэлтээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэдээлэлд үндэслэж асуудлыг яримаар байна.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт: Байнгын хороодоос хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллахад нь бодитой мэдээлэл авах нь гэж бодсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг мэдээллээ хийх болоход хоёр талаасаа маргалдаад юу болсныг  ч ойлгох эцэсгүй болсон. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банк болоод бондын зарцуулалтаар мэдээлэл сонссон. Ихэнх гишүүн нь оролцоогүй юм билээ. Тийм учраас ажлын хэсгийн гишүүд ажлаа дуусгаач ээ. Дутуу хийсэн юм маргаан дагуулаад байна. Өнөөдөр хэлэлцэхээ болъё, гэхдээ хугацаа өгөөд нэгдсэн дүгнэлт гаргаад ороод ир.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Бонд босгосон орж ирсэн. Зарцуулалт нь хуулийн дагуу явсан. Үр дүнд нь авто замууд баригдсан, орон сууцууд боссон. Цахилгаан станц баригдсан. Гэвч бүтээн байгуулалтыг хараар будсан нь эргэлзээ төрүүлж байгаа. Дүгнэлт нь ажлын хэсгийн дөрөвхөн гишүүний хүлээн зөвшөөрсөн дүгнэлт. Өнөөдрийн хуралдаанд дүгнэлтэд гарын үсэг зурсан дөрвөн гишүүнээс гурав нь сууж байна. Буруу юмны булхай илэрдэг, зөв юм зөв совингоор биелдэг гэж үгтэй шүү.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтыг хянах судлах ажлын хэсгийг 2015 оны нэгдүгээр сард байгуулсан. Гол нь гаднаас босгосон зээлийн эх үүсвэр зөв зүйлд зарцуулагдаж уу гэдгийг л судлах зорилго агуулсан. Таван сараас хойш ажлын хэсэг дүгнэлтээ ярьсан. Энэ хугацаанд ажлын хэсэг хуралдаагүй биш хуралдсан. Хуралдаанд оролцсон гишүүд нь гарын үсэг зурахгүй байснаас сунжирсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд нухацтай хандах ёстой. Ойлголцолд хүрээд хэлэлцье. Аливаа асуудалд бодитой хандъя. Үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэе.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсэг таван удаа хуралдсан.  Гишүүд нь ирдэггүй, хуралдаа оролцдоггүй байхгүй юу даа. Эцэс сүүлд нь дүгнэлт санал авъя гэхэд бас өгдөггүй.

Сүүлийн өдрийн мэдээллүүдийг харахаар 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авсан мэтээр мэдээлж байна. Хугацаа алдаж болохгүй.

Дүгнэлтийг ажлын хэсэг гаргахдаа Аудитын хоёр удаагийн дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн биелэлт, Сангийн яамны 2015 оны зургаадугаар сарын 15-нд гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэж гаргасан.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад олонх гишүүн “Мэдээллийг хойшлуулах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж