"Самсунг"-ийн удирдлагыг батлан даах хүсэлт тавьжээ

2015 оны 12 сарын 1

Гадаад хэргийн яам Консулын газартай хамтран АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Ирэх оны улсын төсөвт 20 орчим тэрбум төгрөгийг АСЕМ-ын бэлтгэлд зориулан суулгасан. АСЕМ-ын бэлтгэл үндсэн ажлын зургаан хэсэг /зам тээвэр, зочид буудал, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээ, сэтгүүлчид, бичиг баримт/ хувиар тооцвол янз бүрийн явцтай байна. Харин зам тээвэр, онгоцны буудалтай холбогдсон бэлтгэл ажил 90-ээд хувийн хэрэгжилттэй явагдаж байна.

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилчдын сургалт  явагдаж байна. Мөн өнгөрсөн бүтэн сайн өдөр АСЕМ-ийн түншээр сонгогдсон зочид буудлын тогтооч нарын ур чадварыг шалгах арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Чингис хаан онгоцны буудалд шинээр зочдын танхим, вип өрөөнүүдийг бэлтгэж, паспорт хянан шалгах шинэ танхим үйлчилгээнд орсон. Мөн онгоцны буудлаас хот руу орох автозамын дагуу гэрэлтүүлэг хийгдэж байна.

Ирэх жил болох дээд хэмжээний уулзалтаас дарга нарын мэдэгдэл, Улаанбаатарын тунхаглал гээд АСЕМ-ын  өнгөрсөн 20 жилээ дүгнэж,  ирэх 10 жилээ тодорхойлсон хоёр албан ёсны бичиг баримт гарна. Энэ чиглэлээр дотоод гадаадын эрдэм судлаачдын санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна. Монголын дипломат академиас маргааш буюу 12 дугаар хоёрдугаар сарын 2-нд  эрдэмтэн судлаачид болон ахмад дипломатуудын дунд “АСЕМ ба Монголын үүрэг роль” нэртэй нэг өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулна.  

АСЕМ-ын үеэр гадаадын төлөөлөгчдийг байрлуулахаар 44 зочид буудлыг түншээр сонгосон байгаа. Эдгээр зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Одоогийн байдлаар санхүүжилтээс 77 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжил болон Голомт банкаар дамжин зочид буудлуудад очиж эхэлсэн. Зочид буудлуудад олгох санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж байгаа бөгөөд буцаж төлөгдөх нөхцөлтэй зээл юм. 150 тэрбум бол сонгогдсон 40 хэдэн буудлаас  хүссэн хөрөнгө оруулалтын зээлийн нийлбэр дүн юм.

Монгол улсын иргэн З нь 2013 оны нэгдүгээр сараас хойш Малайз улсад хар тамхи хадгалсан хэрэгт саатуулагдан шалгагдсан. Малайз улсын Хяналтын шатны шүүхээс өнгөрсөн 11 дүгээр нэгдүгээр сарын 26-нд З-г гэм буруугүй гэж үзэн сулласан байгаа. Хилийн чанадад өнөөгийн байдлаар Монгол улсын 220 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Гадаадын 13 улсад Монгол улсын 107 хүн ял эдэлж байна. Үүнээс 31 нь хар тамхины хэргээр ял эдэлж, гурав нь цаазын ялтай юм. Мөн 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Малайзад хар тамхины хэргээр шалгагдаж байсан Монгол улсын иргэн Х гэгчийн шүүх хурал 11 дүгээр сарын 30-нд болж гэм буруугүй үзсэн байна. Хэрэв 14 хоногийн дотор Малайзын прокурор эсэргүүцэл бичихгүй бол иргэн Х эх орондоо эргэн ирнэ.

Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, гадаад томилгоог жилийн эхэнд төлөвлөдөг. Айлчлалын зардлын асуудал нууц байдаг бөгөөд бүрэлдэхүүний тухай бүр нь шат шатны байгууллагууд шийд гаргаад Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлаар хэлэлцэн баталдаг. Ерөнхийлөгч Франц улсад ойрхон хоёр удаа айлчилсан тухайд өмнө нь төлөвлөсөн айлчлал учир хамтатгах боломж байгаагүй. Товыг өмнө нь тохирсон учир эхлээд Төрийн айлчлалаа хийж, дараа нь олон улсын арга хэмжээнд оролцсон.

Солонгосын визний журамд өөрчлөлт гарсан тодорхой юм алга. Барьцаа мөнгөн дүн багасаж, урилга шаардахаа больсноос Монгол улсын иргэд Солонгосыг зорих нь нэмэгдсэн. “Самсунг” компанийн удирдлагыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас батлан даалтад гаргах хүсэлт тавьсан.

Хятадын хойд хэсгээр их цас орж, Эрээнээс Хөх хот, Бээжин хүрэх автозамууд боогдсон байгаа тул онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг Консулын газрын цахим хуудаснаас авч болно.

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна