315 дахь тэмдэглэлээ хөтлөөд байна

2015 оны 12 сарын 1

Сүүлийн үед бөхийн өргөөнд болдог барилдаанууд дээр гарын даа, тайлбарлагчдын баруун захад суудаг өвгөн юу хийдгийг төв, хөдөөгийн зарим үзэгчид тэр бүр сайн мэдэхгүй биз.

Би бээр 2010 оны 3-р сарын 1-нд МАХН-ын 89 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааны тэмдэглэлийг анх хөтөлж байснаас хойш өнөөдрийг хүртэл 315 барилдааны тэмдэглэлийг бичиж үлдээсэн байна. Хуудас бүр нь дугаартай таван дэвтрээ ҮБХ-ны архивт хүлээлгэж өгсөн.   

Аливаа тэмдэглэл нь болсон үйл явдлыг хожим хойно хэдийд ч сэргээж үзэж, сонирхож болдог төдийгүй түүх болон хадгалагддаг үнэт хэрэглэгдэхүүн учир судлаачид ашиглахад бэлэн байдаг.

Тэмдэглэлийн тухай сонин баримтууд олон байдгаас ганцыг тэмдэглэе.

1934 оны 9 дүгээр сарын 1-нд Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлж “Энэ өдрийн 14 цагт ерөнхий сайд Гэндэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, холбооны сайд Мэнд нарын албаны хүмүүс радиогоор дараалан баярын мэндчилгээ дэвшүүлж байсан тухай тэр үеийн радиогийн үйл ажиллагааг бичдэг дэвтэрт үлджээ” гэсэн түүхэн бичлэгийг 81 жилийн дараа “Баянзүрх-хамтдаа хөгжсөн 50 жил” номын 105 дугаар талд байгааг саяхан уншаад сууж байхдаа үйл явдлыг тэмдэглэж үлдээсний учир холбогдол ийм л байдаг юм байна даа гэж өөрийн эрхгүй бодож байлаа.

Монголчууд сайн үйлийн хариуг урмаар эсхүүл бурмаар хариулна гэдэг.

Миний хөтөлж байгаа тэмдэглэл бол бөхийн хүрээнийхэндээ урмаар барьж байгаа үлдэцтэй хариулт хариу  юм даа. Хорвоод эрхэмсэг, материаллаг оршихуй гэж байдаг. Эрхэмсэг оршихуйн сэтгэл зүй нь товчхондоо байгалийн хууль, хүний ёс юм.

Хүн ёсны илэрэл нь манайд уламжлагдан үлдсэн өв соёл, үндэсний бөхийн барилдааны гараа дэвээ, өрөлт шаваа, тахим өгөх, жаяг дэг, эрэмбэ дараалал бол бүгдээрээ хүндэтгэл, талархалын хамаг нандин зүйлс агуулгыг өөртөө цогцоор хадаглаж байдаг.

Дээр үед барилдааны тухай товчхон мэдээ, зарим дүйз л төвийн хэвлэлд хааяа гардаг байлаа.

Өнөө үед МҮБХ-ны тогтмол хэвлэл “Бөх” сонинд болсон барилдаан бүрийн дүйз, дэлгэрэнгүй тодотгол тайлбартай нийтлэгдэж эх орны өнцөг булан бүрт байгаа уншигч, бөх сонирхогчдод арав хоног дутамд хүрч байна.

“Зуун мэдээ” сонин ч бөхийн тухай бие даасан хавсралт долоо хоног бүрийн хоёр дахь өдөр гаргаж байна.

Барилдсан бөхийн тоо, даваа бүрийн хугацаа, ажилласан засуул, давааны завсарлагаар зохиогдсон урлаг, спортын арга хэмжээ, гарсан хаялцах барьцын тоо иймэрхүү байдалтай байна.

Бөхчүүд сүүлийн үед өөрсдийн саналаар тохиролцоод шууд сэнжиг, элэг бүсний барьц авч барилдаж байна.

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд байгаа шахааны барьц хүртэлх хугацааг үзэгчдийг чилээхгүй байх, цаг хэмнэх зорилгоор 5-10 минутаар багасгаж өөрчлөлт оруулж болох юм гэсэн “Аварга” дээд сургуулийн багш, докторант улсын начин Б.Адъяахүүгийн саналыг хувьдаа дэмжиж байна. Минутыг хэдээр багасгах вэ гэдэгт бодолцох юм байж болно.

Барилдааны явцад анзаарагдсан зарим зүйл гэвэл: Үг хэлж нээх эрхмүүд хоцорч ирснээс барилдаан эхлэх цагаас дунджаар 18 минут хоцордог.

-Зарим бөхчүүд бүртгүүлэх цагаас хоцрох, гутлын хүлэг гүйцэд биш байх,

-Нэг давааны хугацаанд зарим бөх эмч дээр дахин дахин очиж дүрэмд заасан хугацааг хэтрүүлэх,

Ихэнх засуулын шударгаар шууд хэлдэггүйг ашиглан унасан давснаа өөрсдөө мэдэж байсан хэрнээ зарим бөх “унаагүй” гэж удаанаар маргаж үзэгчдийг шуугиулж тавгүй байдалд оруулдаг.

Сумын цолтнуудын барилдаан харьцангуй удаан болдог нь зааланд энд тэнд таруу сууж дахин дахин дуудуулж байж талбайд гарч ирдэгээс болдог.

-662 хос барилдаанд 23 хаялцах барьц гарсан нь тийм өндөр тоо биш ээ. Харин барьцаа бариулахгүй цаг дэмий үрдэг тал бий. Хаялцах барьцанд хүрэх гэж хүлээдэг цөөн тооны бөх байдаг.

-Ихэвчлэн хашлаганд тулсан үедээ зарим бөхчүүд бэртэл бэртэл авдаг нь засуулуудын чимээгүй дагаж явснаас болдог гэхэд хэтрүүлэг болохгүй.

-Батлагдсан стандартын дагуу бүрэн гүйцэд хувцаслах, гараа дэвээ, өрөлт, шаваа, элэг бүсээ гүйцэд тайлаад тахим өгөх, авах талаар цолтой, цолгүй бөхчүүд анхаарч байх учиртай.

-Ном, хэвлэл уншиж ашигладаг, ахмад дээдсээ хүндэлж харьцдаг, бөх хүний зан төлөв, ааш авир төлөв, тогтуун, өөртөө итгэлтэй, юмыг ойлгож тусгаж авахдаа түргэн тууштай, цол чимгээ дээдэлж эрхэмлэсэн байдалтай байдаг нь бусдаасаа ялгарч мэдэгддэг.

“Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй” гэдэг мэргэн үг байдгийг ялангуяа залуу бөхчүүд санаж явахад юу нь илүүдэхэв дээ.

Энэ хорвоод ээжээс эр хүн болж мэндлээд, эрийн цээнд хүрмэгцээ бөх болсон, болохоор та ёс жудгийг эрхэмлэн, цол чимгээ дээдлэн, нэр төрөө жаахан ч гэсэн сэвтүүлэхгүй, бүхнээр хүндлүүлж явах ёстой. Энэ бүхэн бол бөх хүн бүрт заавал байх нандин чанар гэдгийг энэхүү бэсрэг бичлэгийнхээ эцэст тэмдэглэчихье гэж бодлоо.

Үндэсний бөхийн улсын хүндэт засуул Н.Дашжамц

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна