Путин Эрдогантай тааралдаагүй

2015 оны 12 сарын 2

Владимир Путин,  Режеп Тайип Эрдоган нар Цаг уурын өөрчлөлтийн Парисын бага хурал дээр Фото: Etienne Laurent / EPA / Francois Mori / AP

 

Орост хориотой Исламын улс бүлэглэл болон бусад хэт даврагч нарт болон нефтийн хулгайн наймаанд Турк дэмжлэг үзүүлж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Парисын олон улсын бага хурлын хүрээнд Путин сэтгүүлч нарт мэдээлэл хийхдээ Сирийн нутгаар Туркт аж үйлдвэрлэлийн хэмжээгээр орж ирж буй нефтийн хулгайн наймааг хамгаалах үүднээс Оросын Су-24 онгоцыг сөнөөх шийдвэрийг Туркийн эрх баригчид гаргасан гэж өгүүлэв.

 

"Оросын онгоцыг  сөнөөсөн тухай сэдвийг би өөрийнхөө хоёр талын бүх уулзалтууд дээр  ярьсан. Юу болсон талаар би дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн. Уулзсан хүн бүр анхааралтайгаар сонсон хамгаалалтгүй бөмбөгдөгч онгоцыг сөнөөх шаардлагагүй байсантай санал нэг байлаа гэж Путин хэлэв. Туркийн ерөнхийлөгчтэй тааралдаагүй, уулзаагүй гэж тэр хэлжээ.

 

Туркийн талаас онгоцыг сөнөөх шийдвэрийг ерөнхийлөгч нь гаргаагүй, бусад хүмүүс шийдсэн гэх тайлбарыг бид сонсож байна. Тэр нь бидний хувьд ерөнхийдөө чухал биш. Энэ үйлдлээр манай нисгэгч, тэнгисийн явган цэрэг хоёр үрэгдсэн юм. Тэд яагаад үүнийг хийснийг тэднээс асуух хэрэгтэй. Энэ бол маш том алдаа. Одоо бид Исламын улс болон бусад террорист байгууллагын хяналтад байгаа нутгаас хулгайн нефть ихээр, аж үйлдвэрлэлийн хэмжээгээр Туркт орж байгаа тухай нэмэлт мэдээлэл авсан.

 

Нефтийн урсгалын шугамыг хамгаалах үүднээс манай онгоцыг сөнөөсөн гэж хэлэх үндэслэл бидэнд байгаа. Туркмэнуудыг хамгаалж байгаа гэдэг нь шалтаг юм хэмээн Путин мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна