Их говийн тэмээний баяр боллоо

2015 оны 12 сарын 2

Хүнс хөдөө аж ахуйн яам, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгуулжээ. Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Баянхонгор аймгийн 400 гаруй тэмээчин, 600 гаруй тэмээ оролцсон Их наадам Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Мөн энэ үеэр 600 тэмээ бүхий говь нутгийн ахуй амьдрал, зан заншил, хувцас хэрэглэл, соёлыг илтгэн харуулсан өвөрмөц онцлогтой парад жагсаж, наадамчин олноо баясгажээ. Их наадмын үеэр шилдэг тэмээчид зөвлөлдөж, сайхан тэмээтэй ганган хосууд гоёл чимэглэлээ гайхуулж, тэмээчдийн буухиа уралдаж, сүрлэг ат, өхөөрдөм хөөрхөн торомнууд уралдаж мөн говь нутгийнхан маань тэмээ, тэмээчин, говь нутгаа магтан дуулж, баялаг бүтээгчид “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” сэдэвт тэмээний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ толилуулж, урчууд маань ганган хэрэглэл, уран хийцээ олон түмэндээ дэлгэн үзүүлсэн. Мөн үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн буухиа зэрэг тэмцээн явагдлаа.

“Сайхан тэмээтэй ганган хос”-ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа. Наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцож, Нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн долоо настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын зургаан настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын долоо настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн найман настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын найман настай шар буур тус тус шалгарсан.

Их наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцсоноос нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн долоо настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын 6 настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын долоо настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн найман настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын найман настай шар буур тус тус шалгарлаа. Харин “Шилмэл ингэ” шалгаруулалтад Говь-Алтай аймгийн Цээл сумын С.Лхагваагийн 10 настай хөх, Халиун сумын Л.Энхтөрийн долоо настай хар, Бигэр сумын Ч.Отгондэлэгийн таван настай шар ингэ алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэнгэрийн хүлэг тэмээн сүргээ цэнгүүлсэн Их наадмын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь яах аргагүй “Хурдан ат”, “Хурдан тором”-ны уралдаан байлаа. Атны уралдаанд Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн нийт 124 ат 12 километр замд уралдаж, шилмэл хурдууд тодорсон юм. Хурдан атаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын Г.Орхончулууны хөх ат шалгарсан бол мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Б.Өлзийсайханы бор, Хүрмэн сумын Т.Ганбатын улаан атнууд удаах байранд шалгарч наадамчин олноо баясгасан. Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Тайвангийн хар хурдан торомоор тодорч, Чандмань сумын Д.Гүнчингийн улаан, Есөнбулаг сумын М.Чинбатын хар тором удаалсан.

Их наадмын хамгийн торгон мөч нь “Шилдгийн шилдэг тэмээчин”-д 10 лангийн мөнгөн буйл, Хүндэт өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа байсан юм. Энэхүү хүндтэй шагналын эзнээр тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөн 520 толгойд хүргэсэн, түүний ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин туршлагаа малчид, хойч үедээ сурган өвлүүлж чадсан Говь-Алтай аймгийн Шарга сумын тэмээчин Аймгийн сайн малчин Б.Дашмягмар тодорч шагналаа гардан авсан.

“Их говийн тэмээний баяр-2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмын 12 төрлийн уралдаанд нийт дөрвөн аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчин оролцож, хурд хүч авхаалж, самбаагаараа өрсөлдсөнөөс багийн дүнгээр Говь-Алтай аймгийн Шарга сум тэргүүлж, шилдгээр шалгарчээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна