Турк, Оросыг маргаанаа дуусгахыг уриалав

2015 оны 12 сарын 2

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ болон Туркийн талд хандан маргаанаа дуусгаж, “Исламын улс” хэмээх жинхэнэ дайсанд анхаарлаа хандуулахыг уриалжээ. НАТО-гийн дарга Йен Столтенберг Турк, Оросын хооронд гарсан хэрэг явдлыг давтагдахгүй байх арга замыг эрэлхийлэхийг хоёр талаас шаардсан байна. Мөн АНУ, Сири болон Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн дайчдын эсрэг тусгай хүчний ажиллагааг эрчимжүүлэх болсныг Пентагоны дарга мэдээлжээ.

 

Туркийн арми /XI.24/ Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөс хоёр орны хооронд маргаан дэгдээд байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн тал “Исламын улс”-тай нефтийн наймааг хамгаалахын тулд Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн хэмээн буруутгажээ. Харин Туркийн ерөнхийлөгч үүнд баримт нотолгоо гаргахыг шаардаж байгаа юм.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сирийн нутаг дэвсгэр дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч байгаа юм. Туркийн армийн сөнөөсөн Оросын “СУ-24” байлдааны онгоц Сирийн хойд хэсэгт хэт даврагчдын нефтийн хийн цувааг бөмбөгдөөд буцаж явсан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна