Саналыг гараар тоолохыг дэмжсэнгүй

2015 оны 12 сарын 2

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард иргэдээс асууж саналыг нь авахад дээрх хуулийг өөрчлөх ёстой болж буй юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын дэд дарга Л.Цог хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулах хугацааг богиносгож байгаагийн шалтгааныг тодруулав.

Үүнд төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Энэ хууль батлагдаад 20 жил болж байна. Одоо хууль хэрэгжих чадамжгүй болсон. Хуулийг баталж байх үед техник технологийн дэвшил өөр байж. Харин өнөөдөр цахим төхөөрөмж ашиглах хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулаад  хугацааны хувьд ч богиносох шаардлагатай болсон. Нөгөө талаас техник тоног төхөөрөмж  өдөр тутам шинэчлэгдэж байна.  1995 онд энэ хууль батлагдаж байхад гар утас гарч ирээгүй байсан. Харин 1996 онд гар утас нэвтэрсэн.  Хууль батлагдаад,  гар утас нэвтрээд 20 жил болж байна. Цаг үетэй нь нийцүүлсэн зохицуулалт хийсэн.  

УИХ-ын дэд дарга Л.Цог: Олон улстай хөл нийлүүлж, хурдтай явж болно. Гэхдээ манай улс өргөн уудам нутагтай. Хөдөө талдаа айлууд  ганц нэгээр нутагладаг. Санал асуулгыг иргэн бүртээ хүргэж амжих юм уу?.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Бид түүхэндээ 1945 онд ганц  удаа санал асуулга явуулж байсан. Тэр үед 29 хоногийн дотор санал асуулга явуулж байсан юм билээ. Тухайн үед тээврийн хэрэгсэл , холбоо харилцаа хөгжөөгүй байсан. Одоо байдал өөр, малчид гар утас, интернэттэй болсон.  Сонгуулийн хуулинд ч 14 хоногийн дотор сурталчилгаа явуулахаар байгаа. Үүнтэй уялдсан.  1995 оноос хойш Сонгуулийн хуульд автомат төхөөрөмж ашиглахтай холбоотой заалт орсон. Тиймээс л үүнд зохицуулсан. Шинээр оруулж ирж байгаа зүйл биш. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан саналын дагуу оруулсан. Үүнд зохицуулалт хийхгүй бол төр, засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байгаа. Цаашид ямар ч нөхцөлд ард нийтийн санал асуулга явуулахад энэ хууль үйлчлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хуульд орон нутгийн санал асуулгын зохицуулалт дутагдаад байна. Ард нийтийн санал асуулгыг 2-оос дээшгүй асуудлаар явуулж болно гэж байна. Одоо дэлхийн хандлагыг харахад 4-өөс дээшгүй асуудлаар явуулж байна. Нэг удаа ард нийтийн санал асуулга явуулахад 6 тэрбум төгрөг зарцуулж байна. Тиймээс дор хаяж 4-өөс доошгүй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад автомат систем гарчихаад байхад гар аргаар тоолно гэдгээ боль. Гар аргаар тоолж, луйвар хийдгээ болих хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Сонгуулийн саналыг гараар тоолоход булхай их гардаг байсан. Зарим санал тоололт булхайд өртдөг байсныг санаж байна. Сонгуулиас нарийн зүйл дээр бид орчин үеийн технологи хэрэглэж байгаа. УИХ-ын мэдээллийг интернэтэд тулгуурлан авч болж байна. Өнөөдөр цахимжуулсан үйл ажиллагаагаа нэг зүйл дээр болохгүй гэж  үзэж болохгүй. Хардлага сэрдлэгийг  ч бид өөрсдөө зохиогоод байна. Автомат машиныг хэрэглэхгүй бол  булхай луйвар дахин явагдана гэх хардлага ч байна. Ард түмэнд хадгалагддаг  төрийн эрх мэдэлд нь хүндэтгэлтэй хандах ёстой.

Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Тодруулбал, гадаад байгаа Монгол иргэдийг ард нийтийн санал асуулгад хамруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хилийн чанадад байгаа иргэдийн саналыг авахад хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Харин ард нийтийн санал асуулгын дүнг автомат машинаас гадна гар аргаар тоолох тухай УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нарын санал дэмжигдсэнгүй.

Эцэст нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна