Татварын урамшууллыг хоёр янзаар авна

2015 оны 12 сарын 2

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс иргэд худалдан авалт бүртээ төлсөн Нэмэгдсэн өртөгийн албан татварынхаа /НӨАТ/ хоёр хувийг буцаан авдаг болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс Татварын ерөнхий газар татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудас буюу www.ebarimt.mn сайтын туршилтын хувилбарыг он дуустал ажиллуулахаар болжээ. Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх. Мөн төлбөрийн баримтын мэдээлэл дээр үндэслэн одоо ашиглагдаж байгаа НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэх болох юм. Өөрөөр хэлбэл татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд дээрх цахим хуудсанд хандан татвар төлөгчийн дугаараа бүртгүүлж, цахим баримтын систем рүү шилжих туршилтаа хийх боломжтой юм байна.

Одоогоор ТЕГ-т албан ёсоор бүртгэгдсэн 39 аж ахуй нэгж байна. Баримт хэвлэх зориулалтын кассын машинтай 11 мянган орчим худалдаа, үйлчилгээний газар байх юм. Нөгөө талдаа заавал кассын машинтай бол гэж шаардахгүй. Баримт хэвлэдэг, тусгай программыг л компьютер, гар утас, мини таблет зэрэгтээ суулган, ашиглаж болох юм. Мөн та төлбөрөө банкны картуудаа ашиглан хийж болно. Мөн картгүй, бэлэн мөнгөтэй яваа үедээ худалдан авалт хийсэн тухайн газраасаа орлого зарлагын тусгай баримтыг шаардан авдаг болох юм. Дараа нь Татварын ерөнхий газрын цахим сайтад нэвтэрч, татварын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэн, өөрийн худалдан авалт бүрээ оруулж, хянана.

НӨАТ-ын урамшууллыг хоёр ангилж олгоно. Эхнийх нь татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн 50 сая төгрөгөөс дээш борлуулалт хийдэг аж ахуйн нэгж, компаниудаас худалдан авалт хийсэн иргэн бүр хоёр хувийн буцаан олголтыг авч, сар бүр явагдах сугалаанд оролцоно. Харин жижиг хүнсний дэлгүүр, үсчин зэрэг татвар суутгагчаар бүртгэгдээгүй иргэн, үйлчилгээний газраас худалдан авалт хийвэл зөвхөн урамшууллын сугалаанд оролцох баримтыг авах эрхтэй юм. Урамшууллын сугалааны тохирол сар тутамд явагдаж, хоёр тэрбум төгрөг хүртэлх мөнгийг иргэдэд хонжвор болгон өгөхөөр ТЕГ-аас урьдчилан тооцооллыг хийсэн байна. Жишээлбэл иргэн та 50 мянган төгрөгийн худалдан авалтынхаа баримтыг хадгалж, татварын бүртгэлийн нэгдсэн системд тогтмол бүртгүүлж байх үүрэгтэй. Үүний дараа урамшууллын сугалаанд оролцож 20 мянгаас 100 сая хүртэлх төгрөгийг хожих эрхтэй болно.

НӨАТ-аас нэг жилд 400-500 тэрбум төгрөгийг авч төсөвт бүрдүүлдэг байна. Ирэх оноос дээрх мөнгөний хоёр хувь буюу 80-100 орчим тэрбум төгрөгийг иргэдэд урамшуулал болгон буцаан олгох юм. Энэ нь орлогоо нууцалж, татвар төлдөггүй далд эдийн засгийг хөгжүүлдэг нөхдийн мөнгөний урсгалыг иргэдээр дамжуулан олох, хянадаг болно. Нөгөө талдаа НӨАТ-аас олдог мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Эрүүл татварын системтэй болно гэж татварынхан тооцжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна