“Рио-2016” олимпийн эрхийг хэрхэн авах вэ?

2015 оны 12 сарын 2

Олон улсын олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдэл, Рио-2016 олимпийн Зохион байгуулах хорооноос баталсан Олимпийн эрхийн шалгуурын оригинал эхийг та бүхэнд хүргэж байна.

Риогийн дэвжээнд бөхчүүд Сонгомол бөхийн 6, Эрэгтэй чөлөөт бөхийн 6, Эмэгтэй чөлөөт бөхийн 6 жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин бүсгүйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Гэхдээ олимпийн наадамд зодоглох эрхийг хүндхэн шалгуурын дагуу олж авах нь.

Олимпийн эрх авах тэмцээнүүд

1. Хамгийн эхлээд ирэх намар АНУ-ын Лас-Вегаст болох 2015 оны ДАШТ-ээс сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийнхээ шилдэг 6-д багтсан бөхчүүд эрхээ биелүүлнэ. Үүний тулд тухайн улсын баг тамирчид 2015, 2016 оны тивийнхээ АШТ-үүдэд аль болох бүтэн багаар оролцох ёстой ажээ.

2. Ази, Европ, Америк, Африк-Далайн орнуудын бөхчүүдийн Тивийн хэмжээний сонгон шалгаруулах тэмцээнд жин бүртээ эхний 2 байрт шалгарах ёстой. 2015 оны ДАШТ-ээс эрхээ аваагүй орны бөхчүүд зодоглох энэ тэмцээний Ази тивийнх нь ирэх оны 2-р сард Казахстан улсад болох юм. Харин Африк, Далайн орнууд хамтран тэмцээнээ хийнэ.

3. Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-1 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2016.04.22-25-нд болно. (Энэ тухай мэдээллийг Дэлхийн бөхийн нэгдлээс МЧБХ-нд ирүүлснийг та зураг дээрээс үзнэ үү) Тус тэмцээний үүд хаалга өмнөх 2 шатнаас эрхээ биелүүлсэн жин бүрийн 14 шилдгүүдээс бусад бүх орны бөхчүүдэд нээлттэй. Улаанбаатарын дэвжээнд сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгоно.

4. Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-2 Улаанбаатарын тэмцээнээс 2 долоо хоногийн дараа Турк улсад явагдана. Энд өмнөх 3 шатнаас эрхээ биелүүлж чадаагүй бүх бөх хүчээ сорьж, жин бүрийн эхний 2 байрт олимпийн эрх олгох болно.

Ийнхүү нийт 344 бөх Риогийн дэвжээнд сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхөөр өрсөлдөх ажээ. Үүнд:

  • ДАШТ-ээс 108
  • Тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144
  • Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-1-ээс 48
  • Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-2-оос 36
  • Зохион байгуулах орон Бразилаас 4
  • Цагаан хуудсаар 4

ЧӨЛӨӨТ БӨХ групп

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна