Баабарын үеийнхэн “баяртай” болоосой

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Баабарын үеийнхэн “баяртай” болоосой

Хуучны баригдмал сэтгэхүй нь салаагүй, өнөө цагийн албан тушаалтнууд үнэндээ сайхан амьдралд хөтлөхөөс илүү байгаад нь байлгах чөдөр, урагш хөдлөхөд садаа учруулах зангуу, тушаа болж байна. Баабар үнэн хэлж байжээ. Бидний үеийнхэн үгүй болж байж л нийгэм зөв голдрилдоо орно гэж. Тэр үхэл хагацлын тухай бус сэтгэлгээ, үнэт зүйлсийн тухай хэлсэн нь тэр.

Өнөөдөр бидний тогтолцоо тэр чигтээ хямарчхаж. Монголд урагш хөдөлдөг төсөл, ажил гэж байхаа болилоо.

Төрийн алба нь данхайж, хувийн хэвшил нь сульдан унаж байна. Компаниуд хаалгаа барьж, гудамжаар боломж олдвол хэн нэгний нармайг нээхэд бэлэн стресстэй хүмүүс дүүрэн.

Аюултай нь энэ их стрессээс болоод хуучнаа санагалзагчид, хаалттай коммунизмыг сурталчлагчид бишгүй болов.

Тэр нийгмийн тухай ээж аавын ярьсан, номноос уншсан төдийхнөөр төсөөлсөн шинэ үеийн залуусын үе хэзээний эрийн цээнд хүрч, гэр бүл зохиож, хувь хүн болон төлөвшчихсөн. Хэн нэгний халамж, заавраас илүү өөрийн бие даасан, хэнээс ч үл хамаарах хараат бусаар амьдралаа авч явах нь тэдний хувьд үнэт зүйлс. Гэтэл тэдний үнэт зүйлсээ болгож, өдөр тутмын мөрдлөгөө болгосон тэрхүү үзэл бодолтой өнөөгийн хууль, дүрэм, журам, дарга нарын баримталж буй бодлого, шийдвэр зөрчилдөх болжээ.

Хүүхдийн мөнгө, хосуудын мөнгө гэхчлэн ядуу, ядарсан байхыг дэмжсэн бодлоготой. Тэр нь бүр ямаан сүргийг өсгөсөн “ухна” руу хүртэл чиглэнэ. Ирэх оноос боломжийн амьдралаа авч явааг нь болиулаад, арчаагүй, анхиагүй байгаад нь хүүхдийн мөнгө олгож эхэлнэ. Ингэж л эргээд коммунизм руугаа ухарч алхана.

Үүнийг хууль журмын хүрээнд болиулъя гэх нь ээ өөрсдөө ч мэддэггүй мөнөөх сэтгэлгээтэй нь олонх.

Тиймээс хүссэн эс хүссэн ч тэд өнөөгийн тогтолцоог үгүйсгэж, өөрийн мэдэлгүй үзэн ядагчид болон хувирч байна.

Өнөөгийн нийгмийн өмчийн хэлбэр, эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн чөлөөт байдалтай хуучны хуулиуд зөрчилдөж, түүнийг энэ бүхэнтэй зохицуулан өөрчлөх оролдлого байвч үндэс болсон хуулиа өөрчлөхгүй бол түүнийг зөрчсөн, хэрэгжих боломжгүй болон хувирч байна.

Мөнөөх л хуучин нийгмийн үед төлөвшсөн, түүгээр хүмүүжсэн, өөрчлөлтийг хүсэмжилдэг сэтгэлгээ нь хуучнаараа нөхөд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал буй болохоор яалтай ч билээ.

Ядуу байх нь нийгмийн буруу, баян байх нь нийгмийн шаар гэх үзлийг мах цусандаа шингээж, тарни шиг тархиндаа шингээчихсэн улс яаж ч түүнийхээ эсрэг зүйлийг хийх билээ.

Тиймээс л Ардчилсан нь байна уу, Ардынх нь уу, ялгаагүй. Аль нь ч улс орныг хөгжүүлэхээр санал болгож буй мөрийн хөтөлбөртөө халамжийн үйлчилгээг хамгаас түрүүнд чухалчилдаг.
Хүүхдийн мөнгө, хосуудын мөнгө гэхчлэн ядуу, ядарсан байхыг дэмжсэн бодлоготой. Тэр нь бүр ямаан сүргийг өсгөсөн “ухна” руу хүртэл чиглэнэ. Ирэх оноос боломжийн амьдралаа авч явааг нь болиулаад, арчаагүй, анхиагүй байгаад нь хүүхдийн мөнгө олгож эхэлнэ. Ингэж л эргээд коммунизм руугаа ухарч алхана.

Үүнийг хууль журмын хүрээнд болиулъя гэх нь ээ өөрсдөө ч мэддэггүй мөнөөх сэтгэлгээтэй нь олонх.

Хууль, шүүхийн шинэчлэлийн бодлого ч үүнийг харуулна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд өөрчилсөн хуулийн шинэчлэл Үндсэн хуулийн Цэц дээр очоод ээлж дараагаараа бүдэрч байна.

Энэ нь Үндсэн хуулийг зөрчөөд буй гэхээсээ илүүтэй бас л нөгөө сэтгэлгээтэй холбоотой. Үндсэн хуулийн манаачид нь 25 жилийн өмнөх тэр байр байдлаар асуудлыг харж, түүгээрээ тайлбарлаж буй цагт өнөөгийн нөхцөлд таарсан шийдвэр яаж гарах вэ?! Түүнийг нь нийгэм, эдийн засаг, бидний амьдралын хэв маяг хол зөрүүтэй болчихсон өнөө цагийн бид “хэн нэгэн эрх мэдэлтний захиалгаар шийдвэрлэлээ” гэж хардахаас ч өөр яах билээ. Эрх чөлөөг эрхэмлэж, өөрийн хил хязгаарт нь халдахыг үл хүлээн зөвшөөрөгч, хүсвэл үхсэн ч миний дур гэдэг үзэлтнийг амиа хорлох нь гэмт хэрэг гэж үздэг хуулиар шүүсэн шүүгчийг хараахгүй яана гэж.

Тиймээс л үүндээ зохицож тоглоомын дүрмээ тогтоохыг нийгэм нь шаардаж байна.

Энэ шаардлагыг хүлээн авч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэхнээ оруулах хууль тогтоогчид нь хуучны “бакалууд”. Тэд нэгдэж, өөрчиллөө гэхэд эрх мэдлийн хуваарилалтаас эхлээд бэлгэдэл төдий харагдах байдлыг нь өөрчлөхөөс хандлагыг нь өөрчилж чадахгүй.

Тиймээс ч Баабар үнэн хэлж. Тэдний үе тэтгэвэрт гарсан цагт л энэ бүх өөрчлөлт болно гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулаад байна.

Өнгөрсний гол хэмжүүр “хөдөлмөрийн баатар” гэдгийг өнөө цагийн залуус “ажлын мал” гэж ойлгодог. Нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хөлсөө урсгаж, төлөвлөгөөгөө хэдэн зуун хувиар давуулан биелүүлэхийг чухалчилдаг байсан баримтлалын “нийгэм” гэдэг нь “би”, “улсын төлөвлөгөө”-г бодох бус өөрийн амьдралыг дээшлүүлэх хөрөнгө хуримтлуулахыг голчилсон, “хамт олон”-оос илүү өөрийн ашиг сонирхлыг тавьж, ажлаас илүү хувийн амьдралдаа илүү цаг зарцуулахыг эрмэлзэж, хийх ёстой цагаа л зөвхөн ажилдаа зарцуулж, илүү зарцуулсан цаг бүрээ мөнгөөр хэмжих сэтгэхүйгээр солигдсон.

Төр амьдралд нь оролцоход тэд дургүй. Харин өнөөгийн нийгмийг авч яваа хэсэг тэдний сонирхол, хүсэл эрмэлзэл, хэм хэмжээг ойлгохгүй. Ойлгосон ч өөрсдийнх хүмүүжил, үнэт зүйлстэй зөрчилдөнө. Тиймээс хуулиа өөрчлөхгүй. Ийм болохоор л “Гай болохоор зай бол” гээд буй хэрэг.

Гэхдээ аливаа нийгмийн үйл явц жам ёсоороо хөвөрдөг болохоор бид шилжилтийн үеийг дэндүү удаан хийсэндээ бус түүнийг хийх “сэтгэлгээ” нь хуучныхаараа болохоор машиндаа суучихсан ч бензин хийлгүй, мориороо чирүүлсэнтэй л ижил байгаад буй хэрэг.

Өөрсдийн сонгосон төлөөллөө “Төрийн гурван өндөрлөг” гэж хуучин шигээ хүндэтгэж буй цаг дор бид энэ л хэвээрээ байна.

Албан тушаалаар бус амьдралын хэв маягаараа бусдаас ялгарахыг одоогийн залуус илүүд үздэг. Тэдний цаг үе ирж, Баабарын үеийнхэн тэтгэвэртээ гарч “баяртай” болсон цагт л бидний өнөөгийн амьдралд илүү ойртсон хууль, журам үйлчилдэг болох бололтой. Бид өөрсдийн гэсэн нэгдмэл нэг үнэт зүйлстэй болох нь дамжиггүй. Тэр цаг хугацааг ойртуулах боломж нь үгүй. Тиймээс бид амьдралаараа, залуу насаараа түүний төлбөрийг төлөх тавилантай аж. Тиймээс урьдчилаад яруу алдарт Баабарын үеийнхэн “баяртай” гэж хэлж дуусгаагүй байж “Сайн байна уу” гэж шинэ үеийнхэнд хэлмээр санагдана.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж