Барилгын ослоор 13 хүн нас баржээ

2015 оны 12 сарын 2

Сүүлийн гурван жилд барилга дээр 101 осол гарчээ. Ослын улмаас 63 хүн таалал төгсөж, 40 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс, хайхрамжгүй хандлагаасаа болж барилгын компаниуд 63 хүний эрдэнэт амьд хүрчээ. Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга дээр гарсан осол, аваарын үед хэрхэн ажилласан, хууль дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцсон тухайгаа мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс энэ сарын нэгэн хүртэлх хугацаанд тус газарт ослын 56 дуудлага иржээ. Нийт дуудлагын 22 нь барилгын салбартай холбоотой осол. Ослын байдлыг судлахад дээрх 22 осолд өртөж, 13 хүн нас барж, 13 ажилтан хүнд хөнгөн гэмтсэн байх юм. Одоогоор бүх осолд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Харин хоёр барилгын компанийн үйл ажиллагаанд улсын байцаагчийн акт бичиж, зогсоожээ.

Энэ онд захиалагчийн зүгээс “Хурд” группийн захиалгатай дөрвөн осол, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Алтай констракшин” ХХК-Д 2 осол, “Жигүүр гранд” группт нэг осол тус тус гарсан байна. Ослын шалтгаан нь өргөх зөөх төхөөрөмж, уналт нуралтаас, технологийн процессын хэвийн ажиллагаа алдагдсан, цахилгаан гүйдэлд цохиулснаас, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас, онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүйгээс, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласантай холбоотой байсныг байцаагчид тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна