Гараар тоолоод юу боллоо, МАН-ынхаан?

2015 оны 12 сарын 2

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ууртай байна. Арга ч үгүй юм даа, хийсэн улс төр болгон нь бүтэлгүйтээд буруу тийшээ явж байгаа хойно.

Өнөөдөр мөн л одгүй байлаа. Хэдэн өдрийнх нь нерв барсан ажил нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэхэд олонхийн дэмжлэг хүлээсэнгүй унав. Тэр нь юу вэ гэвэл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд саналыг гараар тоолох горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээлгүй унав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудал хэлэлцэгдэж санал хураагдах ёстой. Энэ үед саналаа босгож чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээс санал асууж, тоолоход гараар тоолохгүй зөвхөн автомат машинаар уншуулаад л эцсийн дүнг гаргана гэсэн үг.

Автомат машинаар санал хурааж тоолоход хардаад байх шаардлагагүй юм, уг нь. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн таван ч шатны сонгуулийн саналыг автомат машинаар уншуулж, дүнг гаргасан. Эдгээр сонгуульд МАН дандаа ялагдаж цөөнх болсон учраас л автомат машинд “но” байна гэж хардаад буй болохоос өнөөдрийг хүртэл тодорхой нотолгоо гаргаж ирж чадахгүй л байгаа. Баталгаатай нотолгоо олдсон бол Ардын намынхан өдийд ингээд амгалан сууж байх уу. Үгүй шүү дээ. Тэнд ингэж санал луйвардлаа гээд л лоозон бариад л Төрийн ордон гороолоод жагсана.

Нэг зүйлийг мартаж, 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй бухимдал нийгмийг хамарсан том тэмцэл болж, юу боллоо. Таван хүний амь нас хохирсон. Энэ түүхийг мартах учиргүй. Хэрвээ тэр үед сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулж, саналын хуудсыг тоолдог байсан бол ийм зүйл болох ч үгүй л байсан. Ийм түүх давтагдах ёсгүй. Гэтэл ард түмнээс саналыг нь асуугаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаа шийдье гэхэд л гараар тоолох ёстой гэнэ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулъя гэхэд л гараар тоолох заалт оруулах ёстой гэнэ. Эгээтэй л эхнэр авахыг гараар тоолж тодруулъя гэх нь холгүй юм болж байна. Гараар тоолдог технологид МАН ялдаг технологи байдаг юм уу, хаашаа юм.

Дээр нь ард түмнийхээ төр шууд барих эрхийг нь хангаж өгье. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг нь ард түмнээсээ сонгож шийдье. Иргэдийн сонголтынх нь эрхэд парламентад суудалтай намууд оролцох ёсгүй. Холбогдох хуулиудаа л батлаад өг.

Харин Сонгуулийн ерөнхий хороо нь ард түмнээс санал асууж, автомат машинаар тоолон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар эцсийнх нь дүнг гаргачихаг.

Тэр болтол шүүр унан нисэж, эх орончийн дүр эсгэх хэрэггүй. Залхаж байна, наад заваан улстөржилтөөс.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна