Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 12 сарын 2

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.02/ хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөний дагуу тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, М.Зоригт, Д.Батцогт нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн үзэв.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Сэргээгдэх эрчим хүчний (нар, салхины) тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болон, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Мөн айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай ажээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд манай улс тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээжээ.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ДХБ-ын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дээрх заалттай зөрчилдөж байгаа аж.

Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан /bounded/ буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуусан. Гишүүд импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварыг бууруулахаар улсад орох татварын хэмжээ хэр зэрэг буурахыг тодруулж байлаа. Түүнчлэн архи, дарс импортлогчдын тусгай зөвшөөрлийн хураамж буюу тэмдэгтийн хураамжийг 10 дахин нэмэгдүүлэх болсон шалтгааныг лавласан.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, дээр дурдсан хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан аж. Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг оруулснаар онцгой албан татварын орлого 3,950.7 сая төгрөгөөр буурах боловч гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр төсвийн орлого 3,999.4 сая төгрөгөөр нэмэгдэж нийт тэнцэл 53 сая төгрөгийн ашигтай гарахаар байгаа аж. Түүнчлэн архи, дарс импортлогчдоос гурван жилд нэг удаа авдаг тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах болно хэмээн сайд Д.Эрдэнэбат хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Зоригт, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсний эцэст хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дээрх асуудлын дараа Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулж Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж өргөн барьсан байна. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос гаргасан саналын дагуу хуулийн төслийн нэрийг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай гэж нэрлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн хүрээнд удирдлагын заалтыг нэгтгэн хуулийн төслийг дахин боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Иймд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна хэмээн сайд Д.Эрдэнэбат хэлсэн.

Хуулийн төсөл таван бүлэг, 15 зүйлээс бүрдэх бөгөөд Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэн зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах замаар гааль, татварын албаны захиргааны зардлыг 1.7 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой бөгөөд гааль, татварын албаны мэдээллийн баазыг нэгтгэн улмаар татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулах чухал ач холбогдолтой юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт гааль, татварын ажилтнуудын цалингийн шатлалын талаар, УИХ-ын гишүүн Я.Санжмятав дээрх хоёр байгууллагын мэдээллийн технологийн асуудлаар хууль саначлагч болон ажлын хэсгээс асууж тодруулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус байнгын хороо хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Болор танилцуулав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм байна.

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкинд мөнгөө хадгалуулах сонирхол багасч банкин дахь эх үүсвэрээ буцаан татах, өөрийн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө эсвэл бусад татвар багатай зүйлд шилжүүлж үнийн хөөрөгдөл бий болгох гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй байгаа аж.

Одоогоор банкны системийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсч байгаа үед хууль хэрэгжсэнээр тус салбарыг эрсдэлд оруулж болзошгүй бөгөөд учир нь банкны салбарт сөрөг үр дагавар үүссэнээр зээл олголт улам хумигдаж, зээлийн эх үүсвэр багатай манай улсын эдийн засгийн үйл явц зогсонги байдалд орох эрсдэлтэйг банкны салбарын мэргэжилтнүүд сануулж буй юм байна.

Иймд Хувь хүний орлогын албан татварйн тухай хуулийн дагуу хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна