Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг хэн хэн эсэргүүцэв?

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг хэн хэн эсэргүүцэв?

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ТББХ-ны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсоноос, УИХ-ын гишүүн Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Уянга нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгогдсон болон томилогдсон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг эсэргүүцлээ. Энэ долоо хоногийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Хуулийн төслийг эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бодитойгоор хэрэгжүүлэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэ хуулийн төслөөр: Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хамаарах бөгөөд эдгээр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон юм. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан. Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байдаг. Түүнчлэн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон тухайн этгээдийн сонгогдсон сонгуулийн тойрогт өрсөлдөн нэр дэвшиж байсан нэр дэвшигч нь зохион байгуулсан, санхүүжүүлсэн, оролцсон бол эгүүлэн татах үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцохоор зааж өгсөн. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх юм.

Т.ДАВАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж